Монголын уран хатгамалчдыг дэмжих “Эгнэшгүй санаа төв” ТББ-ын тэргүүн, Соёлын биет бус өвийг өндөр түвшинд эзэмшсэн үндэсний билэг авьяаст өвлөн уламжлагч, уран хатгамалч, Соёлын гавьяат зүтгэлтэн Задийн Цэнгэлсайханы урланд зочиллоо. Өнгө алагласан цэцэгс дунд орсон мэт сэтгэгдэл төрүүлэхээр тийм л ахуй угтав. Уран хатгамал гэдэг хүний нүдэнд гайхалтай үзэсгэлэнтэй харагддаг аж.
–Та эмч мэргэжилтэй хүн. Гэхдээ уран хатгамал таны амьдралын салшгүй нэг хэсэг байсаар иржээ?
-Би 1980 онд АУДС-ийг төгсөөд тухайн үеийн Эрүүлийг хамгаалах яамны томилолтоор Дархан хотод очиж, Хүүхдийн эмнэлэгт 1990 он хүртэл их эмч, тасгийн эрхлэгч, эмнэлэг эрхэлсэн орлогч, чих хамар хоолойн эмчээр, 1992-1993 онд хотын Нэгдсэн эмнэлгийн Ерөнхий эмчээр ажилласан. Багаасаа л нийгэм олон нийтэд тустай ажил хийхийг мөрөөддөг байсан. Энэ шинжийг маань Дарханчууд анхаарч мэдэрсэн болоод ч тэрүү 1990 онд Дархан хотын Эмэгтэйчүүдийн зөвлөлийн дарга, Монголын эмэгтэйчүүдийн холбоо /МЭХ/-ны Ерөнхий зөвлөлийн гишүүнээр сонгогдож, Дарханы Эмэгтэйчүүдийн зөвлөлийн даргаар 23 жил, МЭХ-ны Ерөнхий зөвлөлийн гишүүнээр 33, Удирдах зөвлөлийн гишүүнээр 8 жил ажилласан. 1994-2000 онд Дархан-Уул аймгийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн нарийн бичгийн дарга бөгөөд Цагаатгах ажлыг удирдан зохион байгуулах салбар комиссын дарга, 2000-2001 онд аймгийн ЗДТГ-ын Хууль зүйн хэлтсийн дарга, 2001-2006 он хүртэл аймгийн ЗДТГ-ын дарга бөгөөд Ерөнхий менежер, Төрийн албаны салбар зөвлөлийн дарга, төрийн захиргааны хэлтсийн даргаар тус тус хавсран ажиллаж байснаа дурдалгүй өнгөрч болохгүй биз ээ. Мөн Дархан-Уул аймгийн ИТХ-ын төлөөлөгч, тэргүүлэгчээр 4 удаа тус тус сонгогдон тасралтгүй 18 жил ажиллаж байсан. Монголын Нутгийн Удирдлагын холбоог үүсгэн байгуулагчийн нэг. Одоо 2005 онд өөрөө санаачлан байгуулсан Монголын уран хатгамалчдыг дэмжих “Эгнэшгүй санаа” төв НҮТББ-ын тэргүүнээр ажиллаж байна.
-Улс орон өөр нийгэмд шилжиж эхэлсэн ороо бусгаа цаг үед та орон нутгийн эмэгтэйчүүдийн байгууллагыг удирдаж байжээ. Цалин орлого тасарсан хүндхэн үе байсан. Харин та шантраагүйн нууц юунд байсан бол?
–Тиймээ. Тухайн үед үйлдвэр, аж ахуйн газрууд үүд хаалга барьж ажилгүйдэл нэмэгдэж байлаа. “Эмэгтэйчүүдийн салбар байгууллагын даргынхаа хувьд ажил, орлогогүй болсон эмэгтэйчүүддээ яаж туслах вэ?” гэж бодож эхэлсэн. “Хүн болгон шахуу хойшоо, урагшаа ганзагын наймаанд явж байхад орлоготой болох өөр ямар боломж байна вэ?” гэж эргэцүүлээд багадаа эмээгээсээ сурсан уран хатгамалыг охид бүсгүйчүүдэд зааж эхэлсэн. Тэр үед Монголын уламжлалт зүү ороох хатгамалыг хийдэг хүн маш ховор байлаа. Бараг л байхгүй. Би үндэсний хэмжээнд сэргээсэн. Одоо энэ хатгамалыг мэддэггүй эмэгтэй хүн ховор болжээ.
–Өдий зэргийн амжилтанд хүрсэн зам дардан байгаагүй нь тодорхой. Та бэрхшээлийг хэрхэн давж гарав?
–Аливаа ажил үр дүнд хүртлээ саад бэрхшээл туулахгүй байна гэж үгүй. Би зах зээлээ олох гэж АНУ, Япон зэрэг улсуудаар явж үзсэн. Хийсэнийг маань ямар гоё юм бэ гээд авчихдаг мөртлөө захиалга өгдөггүй. Тиймээс би гадаад зах зээлээ өргөжүүлж чадаагүй. Харин дотоодод зах зээл ихтэй. Гагцхүү уйгагүй хөдөлмөрлөж, гар, толгой хоёроо ажиллуулах ёстойг зүү ороох хатгамалаар суралцаж, орлогоо нэмэгдүүлэх сонирхолтой эмэгтэйчүүдэд хэлж захиж ирсэн дээ.
-Энэ хатгамалын ач холбогдлыг та хэрхэн тодорхойлох вэ?
-Үйл урлах соёлын өв Монгол эмэгтэйчүүдийг хөгжүүлдэг, хүн болж төлөвшүүлдэг сургууль байсан байгаа юм. Монголчууд түүхэндээ үйлэнд уран байхыг чухалчилж байсан юм билээ. Уран эмэгтэй айлын сайн эзэгтэй болж чаддаг. Нэг ёсондоо үйл урлах нь хатан ухаан суулгадаг гол сургууль байсан гэсэн үг. Шинжлэх ухаан хүний оюун ухааны чадамж эхээсээ удамшдаг гэдгийг тогтоочихсон шүү дээ. Үүнийг манай өвөг дээдэс мэддэг байсан. Эх нь хээр алаг бол унага нь шийр алаг гэдэг сургааль үг үүний баталгаа. Айлд хүү төрөхөд уран бэртэй болоорой гэж ерөөдөг нь ийм учиртай. Энэ утгаараа үйл урлах соёл нь стратегийн ач холбогдолтой юм. Тэр үүднээс нь би хүнийг хүн болгодог урлаг юм байна гэдэг өнцгөөс нь сургалт хийдэг болсон. Бүх аймгуудаар явж сургалт хийсэн. Зүү ороох хатгамалыг үндэсний хэмжээнд сэргээхэд олон талын ач холбогдолтой нь харагдсан учир би ЮНЕСКО-гийн хүн төрөлхтний биет бус соёлын өвийн жагсаалтад бүртгүүлэх зорилго тавьж 2010 онд материалаа явуулсан. Соёлын яамны дэргэдэх зөвлөл хянан хэлэлцээд ЮНЕСКО-д бүртгүүлэх боломжтой гэдэг шийдвэр гаргасан.
Б.Цэнгэлсайхан уран бүтээлч хүний хувьд иргэд олон нийтэд төрөө дээдлэх, эх оронч үзлийг төлөвшүүлэх, төрийн бодлого шийдвэрийн хэрэгжилтыг дэмжих ажлыг Монгол үндэсний уран хатгамлын урлалыг хөгжүүлэхтэй хамтатган зохион байгуулах зорилгоор “Миний эх орон мөнхөд мандан бадраг” сэдэвт 22 цуврал бүтээл хийсний дотор Монгол Улсын тусгаар тогтнолын баталгаа болсон улсын нэр, төрийн дуулал, туг , далбаа, сүлд, тамга, төрийн 7 эрдэнэ , газар нутаг, Монгол бичгийн бичээсүүд зэргийг багтаагаад түмэн насан хээ, 4 хүчтэнээр хашиж зохиомжлон хатгасан 105х135 см хэмжээтэй 2 бүтээлийг (төрийн дууллыг крилл, Монгол бичгээр) 2010-2012 онд бүтээсэн нь урьд бүтээгдэж байгаагүй гайхамшигтай бүтээл боллоо хэмээн үнэлэгдсэн байна. Засгийн газраас санаачлан хэрэгжүүлсэн хүүхдийн “Авьяас” хөтөлбөрийг орон нутагтаа хэрэгжүүлэхэд идэвхи санаачлага гарган төсөл боловсруулан 2013 онд ЕБС-ийн хүүхдүүдийн дунд анх удаа уран хатгамалын үзэсгэлэн уралдаан, олимпиад зохион байгуулж байви. 2019 онд Монголын хүүхдийн урлан бүтээх төвд нээгдсэн уламжлалт уран хатгамлын ангийг иж бүрэн тохижуулан өгсөн байна. 2008 оноос Монголын уламжлалт соёлын биет бус өв болох Зоос ширээний сүлжмэлийн урлалыг сурч, олон хүнд зааж сургаж, 5 төрлийн шинэ арга зүй боловсруулан урлалдаа нэвтрүүлж, зохиогчийн эрх авчээ. Зохион бүтээсэн дээрх загварууд, хийсэн бүтээлүүд нь олон үзэсгэлэн худалдаа, уралдаанд орж шагнал хүртсэн. Тухайлбал: 2001 онд “Гар-Урлал 2001” үзэсгэлэн худалдаанд шалгарч, Япон улсад зохиогдсон “Made in Mongolia” үзэсгэлэн худалдаанд оролцох эрх, 2005 онд НҮБ –аас зарласан Дэлхийн бичил бизнес эрхлэгчдийн шагнал хөтөлбөрийн уралдаанд шалгарч, “Экспортлогдох боломж ихтэй бүтээгдэхүүн” номинацын Тэргүүн байрын шагнал, Гар урлалын брэнд бүтээгдэхүүний үзэсгэлэн худалдаанаас 3, “Цагаан сар” үзэсгэлэн худалдаанаас 5 удаагийн шагнал, Уран хатгамлчдын улсын хоёрдугаар уралдаанаас 2-р байрын шагнал, 2011 онд зохиогдсон Ардын урлагийн их наадмаас “Хүрэл Од” медаль, 2018 онд зохиогдсон Соёлын биет бус өвийн наадмаас “Хамгийн олон шавь сургасан Өвлөн уламжлагч”-аар, 2022 онд Соёлын бүтээлч үйлдвэрлэл-2022 үзэсгэлэнгээс “Монгол Улсын Төрийн сүлд” цуврал бүтээл нь ШИЛДЭГ 100 бүтээлийн нэгээр тус тус шалгарч шагнагдсан билээ. 2005,2010,2018 онуудад өөрийн санаачилгаар БСШУЯ, Соёлын өвийн Үндэсний төв, бусад мэргэжлийн болон ТББ-уудтай хамтран Уран хатгамлчдын улсын 3 удаагийн уралдааныг амжилттай зохион байгуулсан нь үндэсний өв соёлоо олон нийтэд түгээн дэлгэрүүлэх томоохон алхам болсон юм. Уран хатгамлын талаар дагнан хэвлэгдэж гарсан ном, гарын авлага бараг байхгүй байгааг харгалзан 2005, 2013 онд “Уран хатгамал”, 2016 онд “Уран хатгамлын гайхамшиг”, “Урлах эрдмээс суралцаарай” нэртэй гарын авлага ном тус тус хэвлүүлэн бүх аймаг сумдын Эмэгтэйчүүдийн зөвлөлд сургалтын гарын авлага болгон олгосон. 2021 онд “Урлах эрдмээс суралцаарай 2” гарын авлагыг дахин баяжуулан хэвлүүлсэн. 2005 онд санаачилан Уран хатгамалчдыг дэмжих “Эгнэшгүй санаа” төв ТББ-ыг байгуулан АНУ, Япон, Өмнөд Солонгосын уран хатгамалчдын байгууллагуудтай харилцаа, хамтын ажиллагаа тогтоож, Монголын уран хатгамалчдаас 5 хүнийг АНУ-ын уран хатгамалчдын байгууллага (EGA USA) -ын гишүүн болгож, дэмжин ажиллаж байна.
Д.Лхагва