Бид тэртээ 1992 онд батлагдсан шинэ ардчилсан Үндсэн хуульдаа “Хүмүүнлэг, иргэний ардчилсан нийгмийг цогцлоон хөгжүүлнэ” хэмээн тунхаглаж билээ. Тэрхүү уухайн дуутай хамт мэндэлсэн хүүхэд эдүгээ 60-ын талыг наслаад байна.
Гэтэл нөгөө хүнээ гэсэн энэрэнгүй, шударга нийгмийн сүүдэр нь ч алга гэхэд хатуудахгүй нь. Нийслэлийн захын хорооллын байтугай хотын төвийн хүнсний дэлгүүрүүдийн орлогыг мөнгө биш иргэний үнэмлэх, эсвэл тэтгэврийн дэвтэр хэдийнэ орлодог болж, бүтэн талхыг дөрөв хуваасны нэг, гурванхан ширхэг төмсөөр голоо зогоодог айлын тоо өргөн хэрэглээний барааны үнийн өсөлттэй уралдан нэмэгдэж байгааг хэвлэлүүд мэдээлж эхэлснээс хойш олон жил өнгөрчээ.
Мөнгө төгрөгний боломжгүйгээс шаардлагатай эм, тарилгаа авч чаддаггүй, Эрүүл мэндийн даатгал төлөх чадваргүйгээс эмнэлгийн тусламж авдаггүй хэчнээн олон хүн байгаа бол? Мөнгөгүй хүмүүсийн хувьд улсын эмнэлэгт аврал эрээд очлоо ч даатгалгүй бол үзлэг, шинжилгээнд хамрагдах боломжгүй байгаа нь хүмүүнлэг нийгмийн шинж мөн үү? Эрт илрүүлэгт ажилгүй, орлогогүй, Эрүүл мэндийн даатгалын шимтгэлээ төлж чаддаггүй нь хамрагдах эрхгүй байгаа нь Үндсэн хуулийн агуулгад нийцэх үү? Уг нь эрт илрүүлэх оношилгоо шинжилгээний үр дүнд хавдар болон бусад өвчин ил болж байгаа ч олон хүн хаалганы гадна үлдэж байгаа нь харамсалтай.
Өндөр настнууд, хөгжлийн бэрхшээлтэй иргэд, өрх толгойлсон эмэгтэйчүүд, тэдний үр хүүхэд, ажилгүйчүүд хямралын шуурганд илүүтэй өртөж байгаа нь сэтгүүлчдийн бэлтгэсэн мэдээ, сурвалжлагаас тодорхой харагдаж болсоор олон жил өнгөрчээ. Өргөн уудам газар нутагтай, байгалийн асар их баялагтай, 60 гаруй сая малтай ийм баян орны иргэдийг хэн ийм түвшинд хүргэчихэв ээ?
Өнөөдрийн улстөрд үүсээд байгаа өнгө аясаас харвал “нүүрсчид” хамаг бүхний буруутан болж таарч байна. Яг хэдээс хэдэн онд, хэн гэдэг эрх мэдэлтэн, хэний бүлэглэл ийм том луйвар хийснийг богино хугацаанд тийм амархан тогтоох уу?
Ямар ч байсан 1990 оноос хойш төрийн эрх мэдлийн түвшинд үйлдэгдсэн бүх хулгай, луйвар Монгол Улсын уналттай холбоотой. Тэр болгоныг нүүрсний гэх хэргээр төлөөлөн ойлгож, хаана гэвэл шударга ёсонд нийцэхгүй. Уг нь нүүрсний хулгайг жинхэнэ утгаар нь илрүүлж, буруутай эздийг нь хөдлөшгүй баримтаар нотлож чадвал түүхэнд үлдэх гавьяа мөнөөсөө мөн л дөө.
Монголчууд 1992 оноос хойш МАН, АН-ыг ээлж дараалан сонгож ирсэн. Ёстой л нөгөө “Өглөө” кинонд гардаг Дүйнхэр зайрангийн “Гамингийн ч төлөө буулаа. Бароны ч төлөө буулаа. Богдын ч төлөө буулаа. Нэмэр алга. “Хараач, энэ зовсон олон түмнээ” хэмээн Хиагтын гудамжинд “дөвчигнөдөг” шиг монголчууд 1992 оноос хойш “Улаан”-ыг нь ч сонгож үзлээ. “Цэнхэр”-т нь ч итгэж үзлээ. Тусыг эс олов. Хоёр том улстөрийн хүчин өөрсдийнхөө санаа, шийдлээр 2004, 2008, /2012-2016 онд ч нэг хэсэг тэврэлдээд авсан/ оны сонгуулийн дараа Засгийн газраа хамтран байгуулж нэг гэрт орж үзсэн. Харамсалтай нь эв зүйгээ олж, улс орноо гэсэн нэгэн үзүүрт сэтгэлээр зүтгэхийн оронд намынхаа эрх ашгаа нэгдүгээрт тавьснаар нэгдэж хамтарсныхаа үр дүнг үзэж чадаагүй. Нийгэм, эдийн засаг, ард түмний байдал мэдээж дээшлээгүй.
Өнөөдөр улс орны эдийн засаг улам хямарч, нийгмийн сэтгэлзүй улам ядуурч байна. Эдийн засгийн хямрал нэрийн дор нийгмийн хамгааллын бодлого хөсөр хаягдах нь! Уг нь үе үеийн Засгийн газрууд ажилгүйдэл, ядуурлыг бууруулна, шударга ёсыг тогтооно гэж өөр өөрсдийн өнгө төрх, дуу хоолойгоор даанч гоё ярьж ирсэн ч нийгмийн нөхцөл байдал дарга нарын ярьснаар болсонгүй. Хатуухан хэлэхэд хувь хүний ёс суртахуун, нийгмийн үнэт зүйлс хүмүүнлэг энэрэнгүй иргэний нийгмийг цогцлоон хөгжүүлэх зорилтоос хол байлаа. Төр засаг ажилгүйдлийг арилгасан цагт ядуурал буурна, ядуурал буурсан цагт нийгмийн ухамсар аяндаа дагаад сэргэх нь логик. Гэвч сүүлийн 30 жилд төр засгаас ажлын байр бий болгох, нийгмийн сэтгэлзүйг зөв зүгт чиглүүлэн засах тал дээр дорвитой ажил зохиосон нь даанч ховор. Уг нь Л.Оюун-Эрдэнийн Засгийн газар “Шинэ сэргэлтийн бодлого” гэдэг зоримог гэмээр мэт зорилтыг дэвшүүлж, энэ хүрээнд үйлдвэржилтийн цоо шинэ бодлого хэрэгжүүлэхээ зарлан тунхагласан ч өнөөдрийн улстөрийн дуулианд чимээ нь дарагдав бололтой. Жижиг, дунд үйлдвэрлэлийг дэмжих чиглэлээр овоо нааштай зүйл ярих нь ярьсан. Гэвч эрч нь нэг л суларчих шиг боллоо. Хүнээ анхаарч байж л сэргэн мандах нь зүй тогтол биз дээ? Дани, Норвеги, Швед, Швейцарь, Герман, Голланд, Франц зэрэг баруун Европ, Скандинавын орнууд иргэдийхээ эрүүл мэнд, боловсрол, амьдралын түвшинд нь анхаарч ирсэнийхээ хүчинд өнөөдөр хөгжлийн өндөрлөгт хүрчээ. Энэ бол хүнээ хөгжүүлж байж улс шиг улс болсны бодит жишээ. Бид тулгуур хуульдаа хүн төвтэй гоё нийгэм байгуулна гэж дэндүү сайхан үгтэй заалт тусгаж, уриа лоозон дэвшүүлсэн мөртөө дандаа түүнийхээ эсрэг явчихжээ.
Манай сайхан эх оронд маань наран мандах цаг удахгүй ирэх байх гэж хэр зэрэг удаан хүлээх юм бол доо? Ард түмэнд ажил алга, орлого алга, үнэлэмж алга, урам, итгэл үнэмшил алга. Маргаашдаа итгэх итгэл ч сул байна. Хүн шиг амьдрах боломжоо харийн орноос 30 гаруй жил хайлаа. 30 жилийн өмнө Солонгос явахаар өнжин хонон дугаарлаж байсан тэр дүр зураг, нөхцөл байдал өнөөдөр яг л давтагдлаа. Дахиад 30 жил өнгөрөхөд байдал энэ хэвээрээ байх уу? 50 жилийн дараа утаагаа, ядуурлаа ярьсаар, Сүхийнхээ талбайд жагсаар л явах уу? Ард түмэн эрүүл, ард түмэн боловсролтой, ард түмэн хангалуун, ард түмэн эрч хүчтэй, хүнлэг шударга, зөв сэтгэлгээтэй байх нь аливаа улсын өнө мөнх урт удаан оршихын баталгаа биз дээ?
Улс үндэстний дархлааг сулруулдаг ажилгүйдэл, ядуурал аймшигт харх шиг үржиж, улмаар монголчуудын маань маргаашдаа итгэх итгэл суларч, өдөр тутмын амьдралаасаа цаадахыг харахаа больж байна. Энэ чинь үндэсний аюулгүй байдалтай холбоотой ноцтой асуудал!
Үе үеийн дарга, эрх мэдэлтнүүдийн өнгө зүс сайжрах тусам ард түмний царай барайдаг нь ямар учиртай юм бэ? Дээр дооргүй улстөржиж, өөр өөрсдийн ашиг сонирхол, явцуу эрх ашигтаа хөтлөгдөж байна. Хаана байна, тэр хүмүүнлэг, иргэний нийгэм чинь? Хаана байна шударга ёс чинь?
Д.Лхагвадорж