“Хэд хоногийн өмнө эхнэрээ тосохоор 23 цагийн үед гэрээсээ гарлаа. Гэтэл ахлах ангийн бололтой гурав дөрвөн банди нэг нэг “үнээ” хэмээх том савтай пиво барьчихсан амаар нь уугаад замаар явж байсан. Зүгээр ч нэг явж чадахгүй машинууд руу уусан пивоныхоо савыг шидэлж байх юм. Эд нар хэн болж хүмүүжих вэ? Ийм хүмүүст Монголын ирээдүйг даатгана гэдэг даанч харамсалтай байна” гэж БЗД-ийн иргэн Балжид өгүүлж байна.
Үнэндээ дунд сургуулийн ахлах ангийн охид, хөвгүүдийн хүмүүжил нэг л биш ээ. Өдөржин гэртээ утсаа шагайж, сошиал ертөнцийн хог шааранд уусчихаад орой нь гарч архи, тамхи, мансууруулах бодис хэрэглэдэг хүүхдүүд цөөнгүй байна. Өвөл болохоор орцноос салахгүй. Хичээлээ тарчихаад номын сан, дугуйлан секцэнд явахын оронд архи, тамхиа авч ойролцоо орц бараадна. Зарим нь шөнөжин орцонд дэмий сууна.
Зуны улиралд ч 00 цагаас хойш бөөн бөөнөөрөө орцны үүд, хүүхдүүд тоглоомын талбайд хэлхэлдэж болохгүй бүтэхгүй бүхнийг хийнэ. Жаахан хүүхдэд зориулсан савлуур дээр сууж хайр найргүй эвдэж сүйтгэнэ. Уусан архи, татсан тамхиныхаа ишийг дуртай газраа хаяна. Шүлс, нус цэрээ ямар ч эрээ цээргүй гоожуулна. Байрны хана, булан тохой руу сарина. Хүүхэд тоглодог орчин гэдгийг огтхон ч үл тоох нь эмгэнэлтэй. Эцэг, эх, багш нар, бас цагдаагийн байгууллага онцгой анхаарахгүй бол гэмт хэрэг залуужиж байна шүү!!! Ингэж төлөвшсөн хүмүүс ээж, ааваа хайрлахгүй. Ээж, ааваа хайрлаагүй хүн эх орноо хайрлахгүй!!!
Д.Лхагва