Хөл бөмбөгийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээний /ДАШТ/ түүхэн дэх хамгийн агуу шувтаргын тоглолтуудын нэг өнгөрсөн шөнө болж, Аргентины шигшээ баг дэлхийн аваргын цомыг гурав дахь удаагаа хүртлээ.
Өдгөө 35 настай Лионель Месси, 23 настай Килиан Мбаппе нарын хооронд үзэгчдийн хүсэн хүлээж байсан хүчтэй өрсөлдөөн өрнөсний эцэст /3-3/ аргентинчууд торгуулийн цохилтоор 4-2 онооны харьцаагаар ялалт байгуулжээ.
“Лусаил” цэнгэлдэх хүрээлэнд болсон тоглолтод К.Мбаппе хөл бөмбөгийн ДАШТ-ий шувтаргын тоглолтын түүхэнд 1966 оноос хойш анх удаа хет-трик хийсэн хэдий ч шигшээ баг нь ялагдал хүлээсэн байна.
Л.Месси тоглолтын 23 дахь минутад гоол оруулснаар ДАШТ-ий түүхэнд нэг тэмцээний хэсгийн тоглолт, шөвгийн 16, шөвгийн 8, хагас шигшээ, шигшээ тоглолтод гоол оруулсан анхны тоглогч боллоо.
Ийнхүү Аргентины шигшээ баг тоглолтын эхний хагаст хоёр гоол оруулан тэргүүлж байсан боловч К.Мбаппе 80, 81 дэх минутад буюу ердөө хоёрхон минутын дотор хоёр гоол оруулснаар тоглолтын хувь заяаг эргүүлжээ. Улмаар Л.Месси 108, К.Мбаппе 118 дахь минутад тус тус гоол оруулснаар онооны харьцаа тэнцсэн байна. “Катар-2022” тэмцээний шилдэг тоглогч буюу “Алтан бөмбөг”-ийн эзнээр Л.Месси тодорчээ. Ингэснээр тэрбээр “Алтан бөмбөг” шагналыг 1982 оноос гардуулж эхэлснээс хойш хоёр удаа хүртсэн анхны тоглогч болов.
Харин К.Мбаппе шувтаргын тоглолтод хет-трик хийж нийтдээ найман гоол оруулснаар “Алтан шаахай” шагналын эзэн боллоо. “Алтан бээлий” шагналыг Аргентины шигшээ багийн хаалгач Эмилиано Мартинес, “Шилдэг залуу тоглогч” шагналыг мөн Аргентины хөлбөмбөгч Энцо Фернандес нар хүртжээ. /МОНЦАМЭ/
Гэрэл зургийн эх сурвалж: CNN