Нийслэлийн Сүхбаатар дүүргийн Прокурорын газраас Д.Алтанхуягийг “Заналхийлэх” гэмт хэргийг үйлдсэн гэж үзэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 13.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хэрэг үүсгэн, яллагдагчаар татан хохирогчийн амь нас, эрүүл мэндэд аюул учруулах үндэслэл бүхий мэдээлэл байгаа, мөн дахин гэмт хэрэг үйлдэж болзошгүй гэсэн үндэслэлээр цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авах тухай саналыг 2022 оны 07 дугаар сарын 04-ний өдөр Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд ирүүлснийг тус шүүх 2022 оны 07 дугаар сарын 05-ны өдөр хянан хэлэлцээд прокурорын саналд дурдагдсан үндэслэлүүд нь хавтас хэрэгт авагдаж, шүүхийн хэлэлцүүлэгт хэлэлцэгдсэн бичгийн нотлох баримтуудаар тогтоогдохгүй байна гэж үзэн хүлээн авахаас татгалзлаа. Харин Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 14.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 2022 оны 07 дугаар сарын 05-ны өдрөөс эхлэн яллагдагч Д.Алтанхуягт Монгол Улсын хилээр гарахыг хязгаарлах хязгаарлалт тогтоох таслан сэргийлэх арга хэмжээ, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хохирогч С.Эрдэнэтэй уулзахыг хориглох хязгаарлалт тогтоох таслан сэргийлэх арга хэмжээг тус тус авч шийдвэрлэлээ.