Авлигатай тэмцэх газрын Урьдчилан сэргийлэх, соён гэгээрүүлэх хэлтэс нь 2022 оны 6 дугаар сарын 6-10-ны өдрүүдэд нийт 477 албан тушаалтанд сургалт зохион байгуулсан бөгөөд Гаалийн бүрдүүлэлтийн итгэмжлэгдсэн төлөөлөгчид, Нийслэлийн цагдаагий удирдах газар, Үндэсний аврах бригад, Барилга, хот байгуулалтын яам, Эрчим хүчний зохицуулах хороо, Цөмийн энергийн комисс, Боловсролын ерөнхий газар зэрэг байгууллагын ажилтан, албан хаагчдыг хамруулав. Авлигын гэмт хэргээс урьдчилан сэргийлэх чиг үүргийн хүрээнд Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдад Авлигын эсрэг хуулийн 6 дугаар зүйлийн 6.1.12-т заасны дагуу өөрийн бүрэн эрхийн хүрээнд авлигын шалтгаан нөхцөлийг илрүүлэн тогтоох, тэдгээрийг арилгах, авлигын үйлдлийг таслан зогсоох, үр дагаврыг арилгах, Гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.1.4-т заасны дагуу гэмт хэрэг, зөрчил үйлдэгдэхэд нөлөөлж байгаа хүчин зүйлсийг тогтоож, түүнийг арилгахад чиглэсэн зохион байгуулалтын арга хэмжээ авч, биелэлтэд хяналт тавьж ажиллах талаарх Зөвлөмж хүргүүллээ. Түүнчлэн Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдын эрхлэх асуудлын хүрээнд Засгийн газрын тусгай сангийн тухай хуулиар хамаардаг Нийгмийн даатгалын сан, Нийгмийн халамжийн сан, Мэргэжлийн боловсрол, сургалтыг дэмжих сан, Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих сангуудын мэдээллийг ил тод болгохтой холбоотой эрх зүйн зохицуулалтыг судлан үзэж байна. Өнгөрсөн долоо хоногт төрийн байгууллагын албан тушаалтнуудын хүнд суртал, ёс зүйн асуудалтай холбоотой иргэдээс ирүүлсэн 14 гомдлыг хянан үзэж шийдвэрлэв.