УИХ дахь АН-ын бүлгийн Ажлын албаны зөвлөх, эдийн засгийн ухааны доктор Р.Даваадоржтой ярилцлаа.
-Дэлхий нийтэд хүнсний бүтээгдэхүүний үнэ болон инфляци өсч байгаа шалтгааныг та юу гэж харж байна вэ?
-Улс орнууд цар тахлын дараахь эдийн засгийн хүндрэлээс гарч амжаагүй байхад ОХУ Украины хоорондох дайн дэлхийн эдийн засагт давхар цохилт өгч хямрал болох нь тодорхой боллоо. Өнгөрсөн гуравдугаар сард дэлхийн хүнсний бүтээгдэхүүний үнэ 20 хувьтай өссөн байна. Гол нэрийн бүтээгдэхүүн болох улаанбуудай 17 хувь, ургамлын тос 23.2 хувь, элсэн чихэр 6.7 хувь, мах 4.8 хувь, сүү, сүүн бүтээгдэхүүн 2.6 хувиар тус тус өссөн байна. Энэ нь 1990 онд анх хүнсний бүтээгдэхүүний судалгаа хийснээс хойш хамгийн өндөр үзүүлэлт юм. Ийнхүү улс орон бүрд инфляци өсөх нь тодорхой байна. Дэлхий нийтийг хамарсан коронавирусийн хямралаас үүдэлтэй бараг хоёр жил хөл хорионы дэглэм хэрэгжсэн. Үүнээс үүдэн бизнесийг зогсоож, улмаар улс орнуудын эдийн засаг уналтын байдалтай байсан шүү дээ. Гэтэл одоо үргэлжлээд түүхий эдийн үнийн өсөлт, нийлүүлэлтийн гаралтай саатал нэмэгдэж инфляцийг хөөрөгдөж эхэллээ.
-ОХУ болон Украины хооронд өрнөж буй дайн бусад улсын эдийн засагт ямар байдлаар нөлөөлөх бол?
-Орос-Украины мөргөлдөөн дэлхийн эдийн засагт нэгэн зэрэг хэд хэдэн сувгаар нөлөөлнө. Нэгдүгээрт, Орос, Украин нь титан, палладий зэрэг ховор элементийн дэлхийн зах зээлд гол нийлүүлэгчид юм. Тиймээс нийлүүлэлт нь тасалдах нь автомашины үйлдвэрлэл, ухаалаг гар утасны үйлдвэрлэл, нисэх онгоцны үйлдвэрлэлд сөргөөр нөлөөлөх болно. Хоёрдугаарт, эрчим хүчний үнэ дэлхийн зах зээл дээр өсөх нь инфляцийг хөөрөгдөх нэг шалтгаан болно. Гуравдугаарт, бусад буюу Украинаас дүрвэж буй их хэмжээний цагаачдын асуудал. Мөн улс төрийн эрсдэл, тодорхойгүй байдал гэсэн эрсдэлүүд бий болоод байна. Эдийн засагчид эрчим хүчний зах зээл дээрх нөхцөл байдлыг Арабын орнуудад нефтийн хориг тавьсан 1973 оны нефтийн шок, 1979 онд Иранд гарсан хувьсгалын дараа газрын тосны хямралтай холбоотойгоор дэлхийн эдийн засгийн хямрал болсон үетэй адилтгаж байгаа. Гэхдээ нөхцөл байдал зөвхөн газрын тосны цочролоор хязгаарлагдахгүй. Орос Украин бол дэлхийн улаанбуудайн хамгийн том экспортлогчид. Энэ хоёр улс дэлхийн экспортын бараг 30 хувийг хангадаг. Улаанбуудайн фьючерс өнгөрсөн долоо хоногийн сүүлээр Чикагогийн хөрөнгийн бирж дээр сүүлийн 14 жилийн дээд түвшинд хүрчээ. Украин бол эрдэнэшишийн томоохон экспортлогч. Дэлхийн экспортын тавны нэгээс илүү хувь энэ улсад оногдож байна. Орос бол дэлхийн хамгийн том бордоо экспортлогчдын нэг бөгөөд үнэ нь сүүлийн 1.5 жилийн хугацаанд хоёр дахин өссөн. Цаашид ч өсөх нь тодорхой байна. Энэ нь дэлхийн хүнсний нөөц буурч, үнэ өсч, хангамжид хомсдолын томоохон эрсдэл үүсэх нь тодорхой боллоо. ОХУ-д дэлхийн газрын тосны экспортын 11 хувь, хийн экспортын 16 хувь, үнэт металлын 11 хувь, үйлдвэрийн металлын ес, бордооны найм, палладий 37, цагаан алт 12 хувь оногддог. Дэлхийн банкны гүйцэтгэх захирал Дэвид Малпасс “Зах зээл нийлүүлэлтэд ийм том цоорхойг тийм ч хурдан засаж чадахгүй. Аль хэдийнэ хурдсаж буй дэлхийн инфляци дээр эрчим хүч, хүнсний бүтээгдэхүүний үнэ нэмэгдэх өндөр эрсдэл бий боллоо’ гэж анхааруулсан байна лээ.
-Засгийн газрын зүгээс үнэ тогтоох хуулийг оруулж ирсэн. Энэ хууль батлагдсанаар таны дээр хэлсэнчлэн гадны эрсдэлийг даван туулж чадах уу?
-Засгийн газрын ээлжит бус хуралдаан өнгөрсөн долоо хоногийн баасан гаригт болсон. Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ тус хуралдааны шийдвэрийг танилцуулж мэдээлэл хийхдээ жагссан залуучуудаас тавьсан шаардлага саналтай холбоотой ажлын хэсэг байгуулж, холбогдох мэргэжлийн байгууллагууд болон судалгааны байгууллагатай хамтран ажиллаж байгаа гэсэн. Дэвшүүлсэн асуудлуудын 60 орчим хувийг ойрын хугацаанд шийдвэрлэж үлдсэн хувь нь тогтолцооны шинэчлэлийг хийх байдлаар дунд хугацаанд шийдэгдэх боломжтой талаар Ерөнхий сайд мэдээлэлдээ дурдаж байсан.
Эндээс дүгнэж үзвэл, Монгол Улсын Засгийн газар хийх ёстой ажлаа мэдэхгүй байна гэж тодорхойлж болохоор байна. Учир нь жагссан залуус тодорхой асуудал гарган тавьснаар өнөөгийн Засгийн газрыг ямар нэгэн шийдэл гаргахаар хөдөлж байгаа гэдгийг Ерөнхий сайд өөрөө хэллээ. Өнөөдөр Монгол Улсын эдийн засаг хүндэрсэн төдийгүй гадаад орчин, нөхцөл байдал нэн хурцдах таагүй төлөвтэй байна. Монгол Улсын эдийн засаг хямралтай, өндөр инфляцитай байгаа. Энэ нь ойрын хугацаанд ажилгүйдэл, ядуурал нэмэгдэх дохио. Мөн Оросын Украинд явуулж байгаа цэрэг дайны үйл ажиллагаатай холбоотой хүнсний хомсдол нүүрлэх, бусад тодорхойгүй байдал бүрдээд байна. Энэ хүнд үед Засгийн газрын үйл ажиллагаа туйлын сул, алсын хараагүй, үүсч бий болох эрсдэлээ ч тооцож чадахгүй байна гэж дүгнэж болохоор байна. Эрх баригчид эдийн засагт яагаад хямрал нүүрлэж, үнэ огцом өссөн учир шалтгаанаа ч өнөө хүртэл бүрэн гүйцэд ойлгоогүй байна. Гэтэл дэлхийн улс орнуудад үүссэн нөхцөл байдалд бодитой дүн шинжилгээ өгч ирээдүйгээ харсан шийдвэр ид хэлэлцэж байна.
-Манай улс стагфляцид нэрвэгдсэн гэж АН-ын бүлэг мэдэгдсэн. Үүнийг дэлгэрүүлэхгүй юү?
-Геополитикийн хямралаас үүдэлтэй эдийн засгийн сөрөг үр дагавар зөвхөн дайн өрнөж байгаа хоёр улсаар хязгаарлагдахгүй. Нью-Йоркийн их сургуулийн Стерн бизнесийн сургуулийн судалгааны дүн саяхан гарсан. Дэлхийн олон улс стагфляцийн уналтад хүрч болзошгүй гэж анхааруулсан.Аливаа улсын эдийн засаг агшиж хямрахтай зэрэгцэн үнэ өсөх үзэгдлийг стагфляци гэж нэрлэдэг. Стагфляци гэдэг нь эдийн засгийн зогсонги байдал, инфляци гэх үгнүүдийн нийлбэр. Энэ үзэгдэл 1970-аад онд газрын тосны хямралаас шалтгаалж АНУ-ын ДНБ огцом буурахад үнэ өссөн “хар үе”-ийг анх ийнхүү нэрлэсэн байдаг.
2020 онд Монгол Улсын эдийн засаг 5.3 хувиар агшсан. Ардчилсан хувьсгал ялж зах зээлийн нийгэмд шилжсэн цагаас хойш манай улсын эдийн засаг ийм хэмжээнд агшиж байсангүй. 2021 онд ДНБ-ий өсөлт ердөө 1.4 хувьтай байсан нь манай улсын эдийн засаг гүн хямралд орсны илрэл. Өнгөрсөн гуравдугаар сард Монгол Улсын хэмжээнд инфляци 14.4 хувьтай гарсан нь Ази тивд Шри-Ланк, Иран улсын дараа гуравт орох өндөр үзүүлэлт юм. Бараа бүтээгдэхүүн, үйлчилгээний үнэ өдөр ирэх бүр өсч орлого нь хумигдсан ард иргэдийн амьдралд ялангуяа дундаас доош орлоготой болон ахмад настнуудын амьдралд туйлын хүндээр нөлөөлж байна. Сүүлийн хоёрхон сарын хугацаанд ам.долларын ханш 12-15 хувиар чангарч олдоц нь эрс багасаж, бизнесийн үйл ажиллагаанд хүндрэл учирч эхэллээ. Компаниуд хаалгаа барьж, олон мянган ажилчдаа цомхотгохоос өөр аргагүй байдалд хүрч ажилгүйчүүдийн эгнээ тэлж байна. Энэ бүхэн Монгол Улс стагфляцид нэрвэгдсэнийг батлан харуулж байна. Манайхан бүх бизнесээ зогсоочихоод асар өндөр зардалтай төсөв баталсан. Нэмээд олон их наядаар хэмжигдэх хөтөлбөр хэрэгжүүллээ. Асар их хэмжээний мөнгө зах зээлд нийлүүллээ. Энэ бүхний үр дагавар инфляцын өсөлтөөр илэрлээ.
-Стагфляциас гарах ямар арга байна вэ?
-Стагфляцитай тэмцэж түүний хурдыг сааруулахын тулд макро эдийн засгийн шинжээчид, судлаачдын оролцоотойгоор ойрын болон дунд хугацаанд эдийн засгийн төлөв байдлыг хамгийн нарийвчлалтайгаар урьдчилан гаргах ёстой. Эдийн засгийн төлөв муудаж байгаа энэ үед үнийн өсөлт хурдсах нь дэлхийн томоохон төв банкнуудыг мөнгөний бодлогыг чангатгах замаар инфляцитай тэмцэх, эсвэл мөнгөний бодлогыг зөөлрүүлэх замаар эдийн засгаа дэмжих гэсэн хоёрдмол шийдвэрийн өмнө авчирсан хүнд үе. Эдийн засгийн өсөлт саарч буй үед эдийн засгаа дэмжихэд чиглэсэн арга хэмжээ авахаас өөр аргагүй. Гэтэл ийм бодлого нь үнийн өсөлтийг хөөрөгдөж, инфляцийг улам бүр нэмэгдүүлэх эрсдэлийг бий болгодог. Энэ тохиолдолд төв банкнууд мөнгөний бодлогын хамгийн муу хувилбар руу шилжихээс өөр аргагүй. Өөрөөр хэлбэл, эдийн засаг суларч байгаатай холбогдуулан мөнгөний бодлогоо мэдэгдэхүйц чангатгахаас өөр аргагүй болно. Энэ бүгдээс дүгнэж үзвэл инфляциа бууруулах, эдийн засгаа өсгөх зэрэгцүүлэн хийдэг арга байхгүй. Харин хямралаас аль болох бага хохиролтой буюу “зөөлөн буулт’ хийх талаар улс орон бүрийн шинэхэн зорилт болсон байна.
М.Мөнхцэцэг. Өдрийн сонин.