Эрүүл мэндийн сайд С.Энхболд өнөөдөр эм, эмнэлгийн хэрэгсэл ханган нийлүүлэгчдийн төлөөллийг хүлээн авч уулзлаа. Уулзалтаар цар тахлыг даван гарахад хамтран ажиллахаар санал солилцож, импортын эмийн үнийн асуудал дээр анхааран ажиллахыг хэлэлцлээ.
Хуралд Эрүүл мэндийн сайд С.Энхболд, Төрийн нарийн бичгийн дарга Ц.Эрдэмбилэг, Нийтийн эрүүл мэндийн хариу арга хэмжээ, халдварт өвчний сэргийлэлтийн хэлтсийн дарга Д.Баярболд, Эм, эмнэлгийн хэрэгслийн хяналт, зохицуулалтын газрын дарга Б.Цэцэгсайхан, Монголын эм зүйн байгууллагуудын нэгдсэн Эм холбоо, Монос трейд, Мөнхийн тун, Омбол ХХК, Мандал трейд ХХК, Еврофарм ХХК, Монгол Фарм ХХК, Монос Фарм трейд, АзиФарма ХХК эм ханган нийлүүлэх нэгжийн төлөөллүүд оролцлоо. КОВИД-19 цар тахлыг даван гарахад төр хувийн хэвшлийнхний хамтын ажиллагаа чухал байгааг Эрүүл мэндийн сайд С.Энхболд уулзалтын эхэнд онцлов. Мөн иргэдийн аюулгүй байдал, эрүүл мэндийг сахин хамгаалахад төр засгийн гаргасан бодлого шийдвэрийг дагаж нийгмийн хариуцлагын хүрээнд хамтран ажиллахад бэлэн байгаагаа эм, эмнэлгийн хэрэгслийг ханган нийлүүлдэг аж ахуй нэгжийн төлөөлөл хэлсэн юм.