Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуульд МАН-аас нэр дэвшигч У.Хүрэлсүх өнөөдөр /2021.05.28/ Дорноговь аймгийн иргэд сонгогчидтой уулзлаа.
Нэр дэвшигч У.Хүрэлсүх уулзалтыг нээж хэлсэн үгэндээ “Улс орон, нийт иргэдийнхээ эрх ашгийг дээдэлж, тусгаар тогтнол, аюулгүй байдлыг бататган, хүний эрх, эрх чөлөө, шударга ёс, үндэсний эв нэгдлээ эрхэмлэж, сонгодог парламентын ардчилал, хараат бус шүүх, хүчирхэг эдийн засагтай, баялгийнхаа эзэд болсон иргэдтэй улс болгох зорилго бүхий “Шударга ёс-Хөгжлийн гэрээ” мөрийн хөтөлбөрөө та бүхэндээ танилцуулж байна. Дорноговь аймгийн Алтанширээ сумын нутагт 1.5 сая тоннын хүчин чадалтай Газрын тос боловсруулах үйлдвэр барих бүтээн байгуулалтын ажил ид өрнөж байна. Шатахуунаа дотооддоо үйлдвэрлэдэг болсноор гадагш урсдаг 1.5 тэрбум ам.долларыг эх орондоо үлдээх, үйлдвэрийг дагаж ажлын байр нэмэгдэх боломж бүрдэнэ. Сайншанд-газрын тос боловсруулах үйлдвэр чиглэлийн 17 км хүнд даацын автозам, 27.7 км урт салаа төмөр зам, төмөр замын өртөө, барилга угсралтын үед эрчим хүчээр хангах цахилгаан шугамыг дэд станцын хамт барьж 2019 оны аравдугаар сард Улсын комисст хүлээлгэн өгсөн. Дорноговь аймаг бол хоёр дахь Эрдэнэт болж хөгжинө шүү. Дорноговь аймгаас сонгогдсон УИХ-ын хоёр гишүүн нь аймаг орон нутгаа гэсэн сэтгэлтэй, нутаг амьтай хүмүүс. Төрийн ажил хийхэд сэтгэл, зориг хэрэгтэй. Б.Дэлгэрсайхан, Т.Энхтүвшин нар сонгогдсон тойргийнхоо хөгжил дэвшлийн төлөө сэтгэлтэй ажиллаж байгааг иргэдийнх нь өмнө хэлье. Дорноговийнхон азтай хүмүүс шүү” хэмээн онцлов. Тэрбээр Ерөнхий сайдаар ажиллаж байхдаа хийж хэрэгжүүлсэн, эхлүүлсэн томоохон төслүүдийнхээ талаар “Төмөр зам бол хөгжил дэвшлийн төмөр судас юм. Тавантолгой-Гашуунсухайт, Тавантолгой-Зүүнбаян чиглэлийн төмөр замын ажил сэргэлээ. Уул уурхайн дэд бүтцийг бий болгосоор нүүрсний эскпорт хоёр дахин нэмэгдэж, Монгол Улсын эдийн засгийн ерөнхий үзүүлэлт 20 хувиар өснө. Төмөр замын бүтээн байгуулалтын ажил ид өрнөж байна. Тавантолгой-Гашуунсухайт чиглэлийн төмөр замыг 2022 оны долоодугаар сард дуусгахаар ажиллаж байна. Төмөр замыг ашиглалтад оруулснаар тээвэрлэлтийн зардал дөрөв дахин буурна. Эдийн засагт томоохон түлхэц болох төмөр замын бүтээн байгуулалтыг монголчууд өөрсдөө хийж байгаа нь бахархалтай. Тавантолгой-Гашуунсухайт чиглэлийн замын гол даац 25 тонн, жилд 30 сая тонн нүүрс тээвэрлэх хүчин чадалтай. Харин Тавантолгой-Зүүнбаянгийн зам жилдээ 15 сая тонн бүтээгдэхүүн тээвэрлэх юм” гэлээ. Харин Нефтийн үйлдвэрийг ашиглалтад оруулснаар жилд 1.5 сая тонн газрын тос боловсруулан “Евро-5” стандартын автобензин 339 мянган тонн, дизель түлш 824 мянган тонн, онгоцны түлш 47 мянган тонныг үйлдвэрлэх ажээ.