Эрүүл мэндийн яамны ээлжит мэдээллийн цагаар ХӨСҮТ-ийн Тандалт судалгааны албаны дарга А.Амбасэлмаа хийсэн мэдээлэлдээ “Улсын хэмжээнд ХӨСҮТ-ийн вирус судлалын хоёр лаборатори, ЗӨСҮТ, Сэлэнгэ, Дархан-Уул аймгийн салбар лабораторид энэ сарын 25-нд 4176 хүнд PCR шинжилгээ хийхэд 13 хүнд коронавирус илэрлээ. Улаанбаатарт 3 тохиолдол шинээр бүртгэгдсэн нь батлагдсан тохиолдлын хавьтлууд байлаа. Бариа заслын үйлчилгээтэй холбоотой нэг, найз нөхдийн хүрээнд гэр орноороо орж гарснаас болж халдвар авсан 2 тохиолдол бүртгэгдлээ. Ингэснээр нийслэлд нийт батлагдсан тохиолдол 63 боллоо. Тодруулбал, Баянголд 16, Сонгинохайрханд 10, Баянзүрх дүүрэгт 17, Сүхбаатар дүүрэгт 11, Хан-Уулд 7, Багануур, Чингэлтэй дүүрэгт тус бүр нэг бүртгэгдлээ. Сэлэнгэ аймагт халдвар авсан хүний тоо дөрвөөр нэмж бүртгэгдэж, халдварын тохиолдол 148 боллоо” хэмээлээ.