Албан ёсны мэдээнээс үзвэл коронавирусын халдвар дэлхийд буурахгүй байна. Энэтхэгт л гэхэд ганцхан хоногийн дотор 50.000 тохиолдол шинээр бүртгэгджээ. ДЭМБ-ын үзэж байгаагаар вирусыг бүрэн дарах хэмжээний вакцин гарахгүй ч байж магадгүй гэнэ. Тэгэхээр нэг хэсэгтээ л мэргэжилтнүүдийн баталж гаргасан дэглэм журмыг сайтар сахихаас өөр аргагүй болж байна. Монгол Улсын хувьд дотроо алдаагүй. Гэхдээ ДЭМБ-аас Монголд хийсэн удаа дараагийн үнэлгээгээр манай улсад халдвар тархах эрсдэл маш өндөр байгаа юм. Нэг үеэ бодвол хүмүүс амны хаалт нь зүүх нь эрс ховордлоо. Үйлчилгээний газрууд, супермаркетуудын ажилтнууд нь ч, үйлчлүүлж байгаа хүмүүс нь ч амны хаалтгүй байх нь хэвийн үзэгдэл болчихож. Хүүхдээ дагуулаад олон нийтийн газраар амны хаалтгүй явах эмэгтэйчүүд даанч олон. Халдвар хамгааллын дэглэмийг барьж байгаа хүн өдрийн од л гэсэн үг. Улсын онцгой комисс, Эрүүл мэндийн яам энэ асуудалд анхаарлаа хандуулахгүй бол өндөр эрсдэл нь аюул учруулах хэмжээнд хүргэж мэднэ.
Коронавирусын аюулын талаарх мэдээлэл, сурталчилгааны хэлбэр, агуулгад өөрчлөлт хийхгүй бол иргэдийн хувьд назгайрах хандлагатай боллоо. Aмьтнаас хүнд, хүнээс хүнд халддаг гоц халдварт өвчин, тахал гэдэг ойлголтыг нийгэмд маш цар хүрээтэйгээр тодорхой ойлгуулах хэрэгтэй байна.
“Энэ чинь ханиад ш дээ. Худлаа сүржигнэх юм” гэсэн утгатай коммент сошиалаар явж харагдсан. Ийм ташаа ойлголттой хүн байгаа нь дэндүү харамсалтай. Үүнээс л гол хор хохирол үүснэ дээ!
Жич: Өнөөдрийн байдлаар нийт 699.000 хүн энэ аймшигт халдварын улмаас нас бараад байна.Д.Лхагва