Монгол Улсын Гадаад хэргийн сайд асан, Монгол Улсаас НҮБ-д Байнгын төлөөлөгчөөр ажиллаж байсан ахмад дипломатч Л.Эрдэнэчулуун гуайтай ярилцлаа.
-Сүүлийн үед Гадаад харилцааны яамны нэр хүндэд халдах явдал гарах боллоо. Та олон жил дипломат алба хашиж явсан хүн. Энэ талаар санал бодлоо илэрхийлэхгүй юү?
-Сонгуулийн үеэр бусдын нэр хүндийг гутаах ажил л гол төлөв хийгддэг. Тийм болохоор гайхах юм алга. Улс орнуудад Гадаад хэргийн сайдыг Засгийн тэргүүний дараа ордог албан тушаалтан гэж үздэг нь элбэг байдаг. Энэ нь улсын хөгжилд Гадаад хэргийн яамны гүйцэтгэдэг үүрэг ролийг илтгэж байгаа хэрэг юм. Улс орны мэдээллийг тухайн орны ГХЯ-наас л сонсож авдаг гэдэг утгаар түүнийг гадагшаа харсан Засгийн газар гэж ярьдаг шүү дээ. Ер нь бол улсын хөгжилд ГХЯ-ны оролцоо маш өндөр. Жишээ нь манайх гадаадаас л хөрөнгө оруулалтуудыг татдаг шүү дээ. Дотоодод хөрөнгө оруулалт бараг байхгүй. Гадаад худалдааны асуудлыг мөн ГХЯ-нд хариуцуулсан байна лээ. Тэгэхээр манай орны хөгжил гадаад харилцаанаас ихээхэн хамаарч байна. ГХЯ-ны өөрийнх нь ач холбогдол ийм өндөр учраас тэр хэрээр засаг төр нь ГХЯ-даа ач холбогдол өгдөг байх ёстой. Гэхдээ сүүлийн жилүүдэд яамны нэр хүндийг сэвтүүлсэн үйлдлүүд нэг бус удаа гарч байгааг хэлэхгүй өнгөрч болохгүй юм.
-Өнөөдөр бид монгол дипломатчид хар тамхи зөөвөрлөж байгаад баригдсан гэдэгт л гол шүүмжлэл дагуулж байх шиг. Дипломатууд хар тамхины хэрэгт холбогдож байгаа нь анхны тохиолдол уу?
– Монгол Улсын нэр хүндийг сэвтээсэн асуудлууд саяхан гараагүй юм шүү. Тамхины асуудал миний үед ч, надаас өмнө ч байсан. Намайг 2000-2004 онд Гадаад хэргийн сайдаар ажиллаж байх үед тамхины наймаанд орооцолдсон долоон хүнийг би яамнаас зайлуулж байсан. Харин байдал сүүлийн жилүүдэд улам даамжирч байна. Утаат тамхи зөөдөг байсан бол одоо хар тамхи зөөдөг байгаа нь үүнийг гэрчилж байна. Энэ нь асуудал туйлын хурц болсныг харуулж байгаа юм.
-Таны үед ч тамхины асуудал гарч байсан юм байна. Гэтэл Д.Цогтбаатар сайдын үед бий болсон мэтээр буруутгаж байгааг та юу гэж харж байна вэ?
-Энэ хүнийг харлуулж сонгуулийн саналд нь нөлөөлөх гэж оролдож байгаа муйхар арга. Шүүмжилж болно. Гэхдээ бас хэмжээ, хязгаараа мэддэг баймаар. Шүүмжлэх, гүтгэх хоёрын хооронд асар их ялгаа бий. Д.Цогтбаатар 2011 онд Гадаад хэргийн яамны ТНБД-аар ажиллаж байхдаа янжуур тамхи, хар тамхиных нь наймааг зогсоож өгөөд явсны дараа нь эргээд тэр хүмүүс нь ороод ирсэн байх жишээтэй. Өөрөө ч энэ тухай хэвлэлүүдээр ярьсан байна лээ. Энэ бол төрийн алба дэндүү доройтсоныг харуулж байгаа юм. Байдал ийм байхад төрийн алба сайн байна гэж хэзээ ч байхгүй.
-Таны дүгнэлтээр цаад учир шалтгаан нь бүхэлдээ төрийн албаны өнөөгийн байдалтай холбоотой гэсэн үг үү?
-Учир шалтгааныг зөвхөн ГХЯ-тай холбон тайлбарлах нь учир дутагдалтай юм. Нийт төрийн албаны өнөөгийн байдалтай холбож ярих нь зүйд нийцэх байх. Аль ч яаманд арын хаалгаар, ах дүү, төрөл садан, үр хүүхдүүдээ оруулдаг нь нууц биш. Мөн намын шахаагаар өндөр албанд ордог нь бас нууц биш. Тийм учраас зөвхөн ГХЯ-аар хязгаарлагдахгүй нийт төрийн албаны өнөөгийн байдалдаа Засгийн газар дүгнэлт хийх шаардлагатай. Ингэж хэлснээрээ би ГХЯ-ыг хамгаалж, хаацайлж байгаа юм биш. ГХЯ-ны тухайд гадагшаа харсан Засгийн газар гэдэг утгаараа дотроо томоохон өөрчлөлт хийх шаардлагатай. Энэ ажилд Ерөнхийлөгч, УИХ, Засгийн газар нь хамтран ажиллаж, туслах хэрэгтэй. Дан ганц Гадаад харилцааны сайдын хийдэг ажил ч биш.
Жишээ нь Элчин сайд нарыг томилоход Засгийн газар, УИХ, Ерөнхийлөгч бүгд оролцоотой. Элчин сайдыг томилоход Төрийн гурван өндөрлөг оролцдог учраас нэгдсэн саналд хүрэхэд ихээхэн төвөгтэй байдаг. Би энэ ажлыг дөрвөн жил хийж байсны хувьд ямар их хүнд үеийг туулдгийг маш сайн мэднэ. Д.Цогтбаатар ч гэсэн ийм л хүнд замыг туулж байгаа. Тухайн үед би албан тушаалаараа хүртэл дэнчин тавьж байлаа. Энэ хүнийг явуулахгүй гэж. Ийм л их тал талын оролцоотойгоор Элчин сайд нарын томилгоо явагддаг.
-Гадаадад томилогдож байгаа хүмүүс зөвхөн ГХЯ-ны хүмүүсээр хязгаарлагдахгүй байх?
-Тэгэлгүй яахав.Худалдаа, эдийн засаг, батлан хамгаалах, тагнуул гээд олон байгууллагын хүмүүс ордог. Гадаад харилцаа хөгжих тусам өөр өөр салбар салбарын ажилтнууд хамрагдаж гадаадад томилогдоно гэсэн үг.Ийм учраас Засгийн газар одооноос энэ асуудалд чухалчлан анхаарч ГХЯ-аа бэхжүүлэн ажиллах хэрэгтэй. Төрийн алба нь ямар байна төр улсын хөгжил яг л тийм байна.
-Туркэд 11 жилийн ял авсан С.Эрдэнэбаярыг та таних уу?
-С.Эрдэнэбаяр миний жолооч байсан. Ажилдаа харицлагатай, хөнгөн шуурхай ийм л сайн залуу байсан даа. С.Эрдэнэбаярыг 11 жилийн ял авсанд би маш их харамсч байна. Жолооч хүн Элчин сайд, Ерөнхий консул, консулд хэлж мэдэгдэлгүйгээр ийш тийшээ явдаггүй юм. Тэр тусмаа нэг хотоос нөгөө хот руу дур мэдэн явна гэж байхгүй. Жолооч бол техник ажилтан, дипломат паспорт ч байхгүй. Жолооч зөвхөн даргын үүрэг даалгавраар явдаг, түүнд ямар ч эрх мэдэл байхгүй. Техникийн ажилтан хүн ийм зүйлд шууд өөрөө оролцсон гэдэгт нь би жаахан эргэлзэж байна. Миний үед Элчин сайд нарт дипломат ажилтнуудынхаа паспортыг нь хурааж авч бай гэж үүрэг даалгавар өгч байсан. Паспорт нь зөвхөн Элчин сайд, Консулын газрын тэргүүнд байх ёстой гэж чиглэл өгсөн. Одоо ч гэсэн ийм байх ёстой.
–Д.Цогтбаатар сайдыг ажлаа хэр сайн хийсэн гэж та дүгнэж байна вэ?
-Д.Цогтбаатар миний ажилтан байсан. Хэл ус сайн мэднэ, жинхэнэ мэргэжлийн дипломатч. Одоо бол туршлагатай улстөрч. Хүнд байх сайн зан чанарууд түүнд бий. Д.Цогтбаатар зөөлөн хүн. Хариуцсан ажлаа өндөр түвшинд хийдэг. Тухайн үед Ерөнхийлөгч намайг гадаад бодлогын сайн зөвлөх өгөөч гэхэд нь би Д.Цогтбаатарыг өгч байсан. Үүнээс Д.Цогтбаатарыг би яаж дүгнэдэг нь шууд харагдах байх аа. Дипломат албаны журам сахилга батыг бэхжүүлэхэд Д.Цогтбаатар чамгүй олон ажил хийсэн. Гадаадад байгаа манай ДТГ-уудын бүх машиныг GPS-тэй болгож эндээс 24 цаг хянадаг болж байна. Ийм хяналт тавихаас өөр аргүйд хүрсэн байна шүү дээ, сайд нь. Мөн Европын улс орны ГХ-ны сайд нартай ярьж ийм үйлдлийг зогсоох талаар тохирсон. Тусгай байгууллагуудын хооронд мэдээлэл солилцож хамтран ажиллахаар болсон байна. Засгийн газар дипломат, албан паспортын шинэ журам гаргасан байна. Энэ бүхэн тодорхой ажлууд. Уг нь бол яамны дотоод ажлыг гадагш нь хамаагүй мэдээлээд байдаг эд биш шүү дээ. Дотоод асуудал дотроо л үлдэх ёстой. Айл гэр бүл хоорондох дотоод асуудлаа гадагш нь гаргаж ярьдаггүй шиг гадагш зарлаад байдаг биш юм. Аргагүйн эрхэнд л Д.Цогтбаатар ярьж байна.
-Цаашдаа дипломат албыг зохих түвшинд хүргэхийн тулд юу хийх шаардлагатай вэ?”
-Би Гадаад хэргийн сайд байхдаа мэргэжлийн шалгалтыг нэвтрүүлж байсан. Энэ ажил зогссон бол сэргээж, чанаржуулах хэрэгтэй. Төрийн албаны шалгалтаар хязгаарлагдахгүй мэргэжлийн шалгалт өгч мөн хоёроос доошгүй гадаад хэлтэй хүнийг Гадаад хэргийн яаманд авдаг байх ёстой. Төрийн албаны шалгалтад мэргэжлийн шалгалт, мөн гадаад хэлний шалгалт аль аль нь байдаггүй шүү дээ. Зөвхөн төрийн албаны шалгалт өгсснөөр Гадаад хэргийн яаманд ордог болвол мэргэжлийн байдал нь алдагдана. Хоёрдугаарт, ТНБД хуулиараа бол засаг солигдох тутам өөрчлөгддөг албан тушаал биш. Энэ албан дээр улсынхаа эрх ашгийг нэгдүгээрт тавьдаг, туршлагатай, шударга жинхэнэ мэргэжлийн өндөр нэр хүндтэй дипломатч байх хэрэгтэй. Тэр хүн засаг төр өөрчлөгдөхөөс үл хамаарч ажлаа хийдэг байх.Мөн Элчин сайд нарын томилгоог дээгүүр хоорондоо ярьж тохирч, мэдэх мэдэхгүй хүн явуулдгийг цөөлбөл зүгээр байх. Гадаад оронд суугаад ирж байгаа Элчин сайд нарын хийсэн ажлыг үр дүнгээр нь тооцдог байх хэрэгтэй. Иймд тусгай шалгуур үзүүлэлтүүдийг гаргаж батлуулбал зүгээр байх. Юу хийгээд ирсэн нь мэдэгдэхгүй тусгай албатууд цөөнгүй бий.