“Бүх ард түмний их хуралдай” ТББ-ын тэргүүн Б.Цэрэндоржтой ярилцлаа
–Та бол жагсаал цуглаанд идэвхийлэн оролцож, саяхан болтол өлсгөлөн зарлаж явсан хүний нэг. Ингэхэд анх хэзээ улстөрд хөл тавьсан бэ?
-Анх 1992 онд улстөрийн захад орсон түүхтэй. Тодорхой ярьвал 1992 онд анх улстөрийн төрийн бус байгууллагын ажилд оролцож эхэлснээс улстөртэй хутгалдах болсон гэж ойлгож болох юм. Тухайн үед Нийгмийг гэмт халдлагаас хамгаалах нийгэмлэг гэдэг төрийн бус байгууллага /ТББ/-ыгяруу найрагч О.Дашбалбар гуай анх байгуулж байлаа. Гэтэлтэр байгууллага дотроо хоёр хуваагдаад, нэг хэсэг нь Туул голын эрэг рүү гарч давхиад хүмүүсийг торгоод эхэлсэн. Уг нь ТББ-д хүнийг торгох эрх байхгүй ш дээ. Тэр үеэс л О.Дашбалбар гуай намайг дуудаж уулзаад “Чи энэ байгууллагыг зөв гольдиролд нь оруулахгүй бол болохгүй нь” гэлээ. Тэгж л анх би улстөрд хөл тавьсан даа. Яахав, өмнө нь буюу 1990 оны 4 дүгээр сарын 12-ны өдрийн МоАХ-ны үнэмлэх надад байсан л даа. Гэхдээ би тэр үнэмлэхийг авлаа гээд МоАХ, МоАН-ын үйл ажиллагаанд идэвхийлэн оролцож байгаагүй. Яагаад гэвэл жагсаал цуглааныг удирдан зохион байгуулж буй хүмүүстэй нь яриад, өрнөл эхэлж байхад ард нь нэг улстөрч, компани, нам байж болно. Үнэхээр миний үзэл бодол нийлбэл “Давай, хамт урагшаа явая” гэж хэлж чадна. Харин үзэл бодол нийлэхгүй бол үгүй ээ гээд л сална. Аливаа юманд цензур байдаг. Би өөртөө цензур тавьж, хайрцаг бий болгочихоод явдаг хүн юм болов уу даа гэж боддог юм. Миний ах Г.Бошигт гуайтай их ойрхон байсан хүн. Би тэр хүний философи, үзэл санааг сонсч ирсэн цагаасаа аль ч намыг дэмжихээ больсон. Тэрнээс хойш Монголын улстөрд өөрийнхөөрөө оролцсон доо. Сүүлийн 30 жилд улстөрд юу болоод өнгөрснийг ер нь голоор нь багцаалдана даа.
–1990 онд МоАХ-нд элсч байсныг чинь бодвол та ардчилал, АН-ыг дэмжиж явжээ. Гэхдээ яагаад өдий болтол АН-д элссэнгүй вэ? Эсвэл элсч орсон ч маргаан зөрчлөөс болоод гарсан удаа байна уу?
-Ардчилал гэдэг чинь огт өөр ойлголт. Нам хамаагүй. Монголд байгаа намуудын алинд ч би шүүмжлэлттэй ханддаг. 1990 оны 4 дүгээр сарын 4-нд МоАХ-ны удирдах зөвлөлийн хурлаарГ.Бошигт, доктор П.Нэргүй гэдэг хоёр хүнийг гишүүнчлэлээс хассан. Улмаар 1990 оны 4 дүгээр сарын 18-нд болсон МоАН-ын анхдугаар их хурлаас МАНАН үүссэн юм шүү дээ. “МАНАН гэдэг юм хэзээ үүссэн бэ?” гээд хүмүүсээс асуухаар 1998, 2000, 2008 ч гэдэг юм уу янз бүрийн юм хэлдэг. Үгүй ээ, 1990 онд үүссэн юм. Би тэр хоёр хүний философийг шүтдэг хүн. Г.Бошигт гуай надад хоёр хайрцаг цаас үлдээсэн. Гар бичмэлийг нь гүйцэт уншиж амжаагүй байгаа. Тэр их бичиг цаас, түүхэн эх сурвалжийг би хэзээ эвлүүлж дуусахыг мэдэхгүй. Гар бичмэлийг харж байхад тэр хоёр хүний философи их энгийн. Г.Бошигт гуай улстөрөө, П.Нэргүй доктор эдийн засгаа л гэдэг байсан.
–Наад үгээ тодруулаач. Ер нь энэ хоёр хүнийг МоАХ, МоАН яагаад хөөсөн юм бол?
-Би одоо ярих гэж байна. Улстөрөө харж Г.Бошигт гуай хэлэхдээ “Цаашдаа тогтолцоогоо шинэчилж, олон намын тогтолцоонд орох гэж байгаа бол МАХН-ыг татан буулгаад, санхүү бүх эрх мэдлийг нь хязгаарлах хэрэгтэй. Тэгээд энэ олон намууд нэг гараанаас зэрэг эхлэе. Хэрвээ бид тэгж чадахгүй бол 20 жилийн дараа та нарын хүсээд мөрөөдөөд байгаа АН чинь байхгүй ээ. Та нар АН-аа ч ялгахгүй, МАХН-ыг ялгахгүй болно шүү” гэж хэлсэн юм. Ёстой гол руу орсон доо. Халамцуудаа ч надад ярьдаг байсан. “70 жил төр барьсан намтай нэг гараанаас эхлэхгүй бол энэ намууд урагшаа явахгүй” гэж. Харамсалтай нь бүх намууд нэг ижил гараанаас гарч чадаагүй. Одоо бол засч дийлэхгүй, энэ чигээрээ л явна. Энэ утгаараа би МАНАН 1990 онд үүссэн гээд байгаа юм. П.Нэргүй доктор ”Төвлөрсөн төлөвлөгөөт эдийн засгаас зах зээлийн эдийн засагт шилжих шилжилт доод зах нь 20 жил байх ёстой. Та нарын яриад байгаа өмч хувьчлалын схем чинь буруу шүү. Хэтэрхий яарч болохгүй. Одоо яг хувьчлалыг эхлүүлбэл ажилчдынх нь хөлс нь арилаагүй байгаа үйлдвэрүүд мөхнө. Тоног төхөөрөмж, чадвартай боловсон хүчин хангалттай. Үүнээс илүү давуу тал гэж байхгүй. Та нар үйлдвэрийг ажиллуулж чадалгүй сүйтгэвэл манай улс үйлдвэрлэгч орон биш болж хоцорно. Үйлдвэрлэгч биш орон хөгжихгүй” гэж анхааруулж байлаа. Жишээ татаж хэлэхдээ “Чи энэ үйлдвэрийг хувьчлаад авчихлаа гэж бодоё. 30 суурь машин тэнд байлаа. Гэтэл ажиллах хүч нь 300 хүн байна. Тэр хүмүүсээс хамгийн сайныг нь шилээд авах эрх чамд нээлттэй. Чиний халаасанд хоёр суурь машиныг ажиллуулах мөнгө байх юм бол тэр хоёроосоо л эхэл. Цаана нь 28 суурь машин байж л байг. Хоёр машины ашгаасаа дахиад 3 дахь, 4 дэх, 5 дахиа ажиллуул. Ингээд чи 30 суурь машиныг өөрийнхөө ашгаар, өөрийнхөө халаасанд байгаа мөнгөөрөө ажиллуулж чадах юм бол энэ хоёр том зах зээлийн дунд юу ч хийсэн бид хөл дээрээ босно” л гэж хэлсэн. Ердөө л тэр. Гэтэл ардчилагчид энэ хоёр философийг үгүй хийхийн тулд дээрх хоёр хүнийг эгнээнээсээ хассан. Хурлын протоколд ч байдаг. МАНАН гэдэг юм ингэж үүссэнээс болж бүх будлиан үүссэн. Дараа нь олон намын тогтолцоо нэг цэг дээрээс эхэлнэ гэдэг нь ч худлаа болж, өмч хувьчлал замбараагүй явагдсан. Одоо хар л даа. Бидэнд ямар үйлдвэр байгаа юм. Үрэн таран хийгээд хаячихсан. Г.Бошигт гуай “Дэлхийн 7 тэрбум хүн дотор энэ Монгол Улс, гуравхан сая хүн яагаад хоёр том гүрэнд наалдчихгүй байгаа юм. Манайхыг байтугай том гүрнүүдийг дэлхийн том улсууд идээд дуусч байна. Гэтэл яагаад ийм их эрдэс баялагтай манай улсад хэчнээн шунасан ч том гүрнүүд хүрч чадахгүй байгаа юм. Энэ чинь төрж байгаа хүмүүс нь өөр, түүх нь өөртэй холбоотой юм” гэж ярьж байлаа. Тэгээд бодохоор би хувьдаа 1990 оны ардчилсан хувьсгал гэж ярихыг ойлгодоггүй. Сая Трамп хэлсэн ш дээ. “Ардчилал гэж байхгүй шүү. Та нар битгий тэгж мөрөөд” гэж. Дэлхий эргээд зөв зүг рүүгээ харж эхэлж байна. 30 жилийн дараа эргэж байна. Аливаа юмны давтамж, эргэх хугацаа гэж байдаг.
–АН өмч хувьчлал нэрээр үйлдвэрүүдийг хувьчилсан алдаагаа огт хүлээн зөвшөөрдөггүй юм билээ. Энэ талаар юу бодож явдаг вэ?
-П.Нэргүй докторын зөв сануулж хэлж байснаас хазайгаад явчихсан юм чинь аргагүй ш дээ. Одоо эдэнд ичих эрхтэн байдаг бол алдаагаа хүлээн зөвшөөрөх хэрэгтэй. П.Нэргүй гуай амьд байгаа учраас түүний хэлснээр явсан бол ингэх байсан гэж хэлж чадахгүй байгаа юм. Энэ хүн бурхан болбол эд нар ёстой чимээгүй болно. Г.Бошигт гуай нас барснаарАН-ын улстөрийн онол нь үгүй болсон. Ардчилагчид үнэхээр мундаг юм бол энэ хоёр хүний философийг хадгалж үлдэх байсан юм. Би ардчиллын түүхтэй холбоотой 7 ном уншсан. Г.Бошигт гуайн гар бичмэлүүд, хурлын протокол, өөрийнх нь хэлж ярьж байсныг эвлүүлээд уншаад үзэхээр ардчилагчдын түүхэн замнал, өөрсдийнх нь ажил үйлс, бодлого, үйл ажиллагаа өдөр шөнө шиг ялгаатай санагддаг. Жирийн Дорж, Дулмааг магтах биш Үүл баатар мундаг, Элбэгдорж агуу, бараг л эхээс төрөхдөө л ийм мундаг төрсөн гэж ярихаас нь ичдэг. Би их азтай, заримдаа төвөгтэй амьдралтай хүн юмдаа гэж боддог. Одоо Г.Бошигт гуайн гар бичмэлүүдийг товхимол болгож хэвлүүлнэ дээ. Түүндээ 1990 оны 4 дүгээр сарын 4-ний өдрийн МоАХ-ны удирдах зөвлөлийн хурлын протоколыг Г.Бошигт гуайн бичмэлээр нь гаргаад, хажууд нь жижигхэн тайлбар хийж оруулах юм. Энэ бол жинхэнэ түүх. Тэр хүн аргаа бараад Нэгдсэн хөдөлгөөн гэж байгуулсан юм шүү дээ. Надад тамга тэмдэг нь шилжсэн. Тийм учир би Г.Бошигт гуайн эхлүүлэх гэж байсныг үргэлжүүлээд л явна. Улстөрийн тогтолцоонд салхи эргэж байгаа ийм үед сайн цаг ирэхийг үгүйсгэхгүй гэж найдаж байна.
–Сайн ирж байна гэж та харж байна уу? Ямар талаасаа…
-Би Ц.Элбэгдоржтой адил Харвард энэ тэр төгсөх нь бүү хэл, Америкт дамжаанд нь ч яваагүй. Гэхдээ яг улстөр гэдгийг практикаар нь ч, онолоор нь ч мэднэ. Нэг удаа намайг голын эрэг дээр загасчлаад сууж байтал Г.Бошигт гуай ирээд “Цэрэндоржоо, чи сайн цаг хэзээ ирнэ гэж бодож байна” гэж асуулаа. Би “Намууд төлөвшиж, шударга хүмүүс гарч ирсэн цагт л ирнэ дээ” гэсэн утгатай юм хэлбэл “Бишээ. Чи ерөөсөө буруу бодож байна. Монголд сайн цаг хэзээ ирэх вэ гэвэл хоёр том нам голоороо хоёр хуваагдсан цагт сайн цаг ирнэ. Би тэрийг үзэхгүй. Харин чи үзнэ” гэж байлаа. АН аль хэдийнэ хоёр хуваагдсан. МАН ч адилхан хуваагдаж, эрүүлжих шатандаа явж байна. Энийг хараад би сайн цаг наашилж байгаа юм байна гэж бодож байгаа. Залуучууд улстөрд түрж орж ирж байгаад талархалтай байдаг. Одоохондоо зөвийг хийхийн тулд энэ байгаа тогтолцоогоо өөрчлөхөөс өөр аргагүй.
–Таныг Н.Энхбаярыг дагаад МАХН-д элсч, нэг хэсэг явсаныг мэдэх юм. Яагаад зам салах болов?
-Би МАХН-ын гишүүн гэж батлах “хармаалж” яваагүй. Н.Энхбаярыг улстөрд дахиж гарч ирээсэй, яриад байгаа 5 хувьсгал гэдгээ хэрэгжүүлээсэй гэсэндээ л нэг хэсэг дэмжсэн. Түүнээс биш албан ёсоор элсч ороогүй. 17 төрийн бус байгууллага нэгдэж дэмжээгүй бол МАХН нэрийг аваад, буцаад улстөр орох байсан, эсэх нь эргэлзээтэй. Улстөрд эргэж орох болсонд иргэний хөдөлгөөнүүдийн оролцоо асар өндөр байсан. Хувьсгалт намын гишүүн гэж тухайн үед хэдэн эмээ өвөө л байсан ш дээ. Бодит үнэн нь тэр. Одоо болохоор МАХН-ынхан “Нэг цүнхтэй, нэг тамгатай төрийн бус байгууллагууд л байсан” гэж ярьдаг гэсэн. МАХН улстөрийн үйл ажиллагааны явцдаа үнэхээр нүдэн дээр алдсан уу, алдсан. Харамсалтай юм хийсэн. Нөгөө яриад, тунхаглаад байсан 5 хувьсгал нь ч бүтээгүй. Гол нь дотор нь байгаа хүмүүс буруу явсан гэсэн үг. Г.Бошигт гуайн хэлж байснаар улстөр гэдэг чинь толгойгоо л харж тоглодог тоглоом шүү дээ. Тухайн үед буюу 2012 оны сонгуульд орохоор эвссэн МАХН, МҮАН-ын эвслийн толгой нь Н.Энхбаяр байсан юм. Түүнийг баривчлаад аваад явлаа л гэж байсан. Үнэндээ Н.Энхбаяр байхгүй бол МАХН байхгүй болчих гээд байсан. Тэр хүний төлөө би 6 хоногийн өлсгөлөнд биеэ гинжлээд оролцож явсан. Баатар болох гэж биеэ гинжилж хэвтээгүй, өлсгөлөнгөө тараалгахгүйн тулд тэгсэн юм. Тэр үед Н.Энхбаярыг тойрсон хүмүүс албан тушаал, мөнгө л ярьдаг хүмүүс байсан. Н.Энхбаярыг өлсгөлөн зарласны дараа би МАХН-ын гүйцэтгэх товчооны хурал дээр ороод “Улстөр толгойгоо харж тоглодог тоглоом шүү. Наад хүн чинь үхэх гээд байна. Энхбаяр байхгүй бол Тэрбишдагваа, Улаанаа, Шийлэгдамбаа та нар хэн ч биш. Масс хүлээж авахгүй шүү. Энэ хүн байж гэмээнэ МАХН гэдэг 4 үсэг чинь урагшаа явах гээд байна” гэсэн. Тэгсэн чинь 2012 оны сонгуулийн дараа АН-тай хамтраад албан тушаалын шал өөр тохироо хийгээд явчихсан. Би уг нь Н.Энхбаярын төлөө өлсгөлөн зарлаж явсан уу гэхээс албан тушаал, мөнгө өгөөч гэж яваагүй. Хоригдож байхад нь 461 дүгээр хорих ангийн гадна цагдаад өшиглүүлээд 7 хоног бөгсөө чирээд явж л байсан. Даанч мань эр нөгөө хүмүүсийнхээ үгэнд ороод “Цэрэндоржоо, лалар минь, пизда минь чи өөрийгөө хэн гэж бодов. Чи зүгээр тэр хүмүүсийн хэлснээр яв. Чи яагаад хүмүүсийг ажил хийлгэхгүй байгаа юм” гэж загнасан. Тэгээд л би Н.Энхбаярыг орхиж явсан. Үзэл бодлын хувьд таарахгүй хүмүүстэй буруу явж байснаа ойлгосон. Хайран таван жилээ тэгж үрсэндээ харамсдаг. Уг нь бид хоёр хүүхэндэхээс наагуур дотно байсан гэж ойлгож байлаа.
-Та 2014 онд өгсөн ярилцлагадаа “МАХН-ыг татан буулгах ёстой. Өөр гарц байхгүй. МАХН нийгмийн сэтгэл зүйд нөлөөлж, үндэсний эв нэгдлийг хагалан бутаргахыг оролдсон. Үүнийх нь золиос би. Тэд шударга ёс ярьж, хүний итгэл үнэмшлээр тоглолоо шүү дээ. Тэд шударга ёсны утгыг алдагдуулж байна. Ам ангайх тоолондоо шударга ёс ярьдаг мөртөө өөрсдөө шударга байж чадсангүй” гэж ярьж байсан. Тэр цагаас хойш 6 жил өнгөрч. Таны нүдээр МАХН өөрчлөгдсөн үү?
-Үгүй дээ. Татан буулгах ёстой л гэж харж байна.
–2020 оны сонгуулиар намууд баахан гоё амлалт гаргалаа. Та хувьдаа яаж дүгнэв? Үнэхээр 3 сая, 5 сая төгрөгийн цалин бүтэх үү? Ер нь нэр дэвшигчдээс олон зуун сая төгрөгийн такс авч байгааг зөвтгөх боломж байгаа юү?
-Үгүй ш дээ. Ертөнц дээр үнэгүй юм байхгүй. Мөнгө амалсан бүх намуудыг татан буулгах ёстой.
Д.Дорж