Эрүүл мэндийн сайд Д.Сарангэрэл, Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч С.Амарсайхан тэргүүтэй холбогдох албаны хүмүүс өнөөдөр Яармагт баригдаж буй 300 ортой Нийслэлийн эх хүүхдийн нэгдсэн эмнэлгийн барилгын ажлын явцыг шалгаж, газар дээр нь ажиллалаа.
“Нийт долоон блокоос бүрдсэн 34.200 метр.кв, 2.4 га талбай бүхий эмнэлгийн барилгын ажлын явц 95 хувьтай явж байгаа” гэдгийг барилгын ажлыг гүйцэтгэгч “Томо Бюлдинг” ХХК-ийн гүйцэтгэх захирал М.Отгонбаяр хэллээ. Тус компанийн хувьд эхний ээлжинд хоёр блокийг ашиглалтад оруулахаар ажиллаж байгаа юм.
Барилгын ажлыг гүйцэтгэгч “Томо Бюлдинг” ХХК-ийг үйл ажиллагаагаа явуулж байх хугацаанд захиалагч тал болох Эрүүл мэндийн яам нэмэлт ажил хийх хэрэгтэй гэж үзсэн ч шаардлагатай нэмэлт зардлын асуудлыг шийдвэрлээгүйгээс болж барилгын ажил удаашралтай болсон. Өнгөрөгч хоёрдугаар сард хотын дарга тус эмнэлгийн барилгын ажлын явцыг шалгах үеэр “Шаардлагатай төсвийн асуудлыг шийдвэрлэх хүртэл анхаарч ажиллана” гэдгээ хэлж байсан юм. Энэ үеэр нийслэлийн Засаг дарга С.Амарсайхан “Нийслэлийн зүгээс шаардлагатай зам, орц, гарц, дэд бүтцийн асуудлуудыг цаг алдалгүй хийж, үйл ажиллагаа явуулах бэлтгэлийг хангахад анхаарч ажиллаж байна. Өмнө нь би ирж ажиллахдаа Эрүүл мэндийн сайд, Засгийн газарт танилцуулаад энэ асуудал шийдэгдэх шатандаа явж байна. Мэдээж барилга байгууламж барьж дуусах нэг асуудал, үүний цаана тоног төхөөрөмж гээд олон ажил бий. Энэхүү эмнэлэг Эх хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төв болон дүүргүүдийн эмнэлгийн ачааллыг асар ихээр хуваалцах юм. Нийслэлийн эх хүүхдийн эрүүл мэндийн төвийг хоёрдугаар улиралдаа багтаагаад ашиглалтад оруулах боломж байгаа гэж үзэж байна. Нэг өдөр, нэг цагийн өмнө энэ эмнэлгээ ашиглалтад оруулах шаардлага бидэнд бий” гэлээ. Эрүүл мэндийн сайд Д.Сарангэрэл “Яармагт баригдаж буй 300 ортой Нийслэлийн эх хүүхдийн нэгдсэн эмнэлгийн барилгын ажил санхүүжилтээс болж 10 жил болсон. Бид Засгийн газрын хуралдаанаар нэмэгдэл 13 тэрбум төгрөгийн асуудлыг шийдвэрлэлээ. Мөн зөвхөн барилгын санхүүжилтийг шийдвэрлээд зогсоогүй, эмнэлэгт шаардлагатай тоног төхөөрөмжийн санхүүжилтийг шийдвэрлэж чадлаа. Дэлхийн банк, Сангийн яамтай 26.9 сая ам.долларын гэрээнд гарын үсэг зурсан. УИХ ирэх долоо хоногт гэрээний асуудлыг батална. Энэ хүрээнд 10 гаруй сая ам.долларын төхөөрөмжөөр 300 ортой Нийслэлийн эх хүүхдийн нэгдсэн эмнэлгийг тоноглох нөхцөл боломжийг бүрдүүлж байгаа юм” гэдгийг онцоллоо.
Барилгын ажлын явцын өдөр тутмын ажилд Барилгын хөгжлийн төв хяналт тавин ажиллаж байгаа аж. Энэ үеэр нийслэлийн Засаг дарга С.Амарсайхан “Барилгын ажлын гүйцэтгэгч компани дутуу гүйцэтгэлээ хийхийн хажуугаар цэвэрлэгээгээ хийх ёстой. Барилгын хөгжлийн төв хяналтаа маш сайн тавих хэрэгтэй. Нийслэлийн Эрүүл мэндийн газар мөн хяналтаа тавиад ажиллана. Ямар нэгэн байдлаар дутуу ажил үлдээж болохгүй. Нийслэлийн эх хүүхдийн нэгдсэн эмнэлэг энэ цаг хугацаанд яаралтай ашиглалтад оруулах шаардлага байгаа. Төсөв хөрөнгийн асуудлыг шийдвэрлэчихсэн байгаа учир бүх асуудал та бүхнээс шалтгаална шүү. Иймд ажлаа маш сайн, хурдан шуурхай хийх хэрэгтэй” хэмээн санууллаа.