Ж.Батзандан, Л.Болд нарыг намаасаа хөөсөн нь АН-ын задралыг эхлэлийг тавьсан юм. Цаашид ч нэлээд томоохон хагарал, хуваагдал үүсэх нь тодорхой боллоо. Нэгэн цагт энэ намыг толгойлж явсан Ц.Элбэгдорж Ерөнхийлөгчийн бүрэн эрхийн хугацаагаа дуусгаад төрөлх намынхаа гишүүнчлэлийг сэргээсэнгүй. Сэргээсэнгүй ч гэж дээ, түүнд санаа байсан ч нам нь хүлээж аваагүй байх магадлал өндөр байна. Дээр нь түүнийг хэд хэдэн асуудал дээр шалгах хууль эрхзүйн шаардлага үүсээд байгаа нь нам нь нүүр бууруулах том шалтгаан боллоо. З.Энхболд АН-ын даргын Зөвлөхөөр очсон болохоор Ц.Элбэгдоржийн хувьд энэ намын үүд хаалга хаалттай гэсэн үг. З.Энхболд Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга байхдаа 2019 оны 6 дугаар сарын 26-нд АТГ-т мэдүүлэг өгөөд гарч ирэнгүүтээ “Ерөнхий сайд асан Ч.Сайханбилэг “Эрдэнэт” үйлдвэрийн 49 хувьтай холбоотой мэдүүлэг өгөхдөө УИХ-ын дарга байсан З.Энхболд, Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдорж нар мэдэж байсан гэж ярьсан юм байна. Эрх мэдлээ хэтрүүлж, УИХ-д хэлэлгүйгээр авчихсан буруутай үйл ажиллагаандаа намайг хань татжээ. Тийм зүйл байхгүй ээ. Байхгүй гэдгээ хуулийн дагуу хэлээд гарч явна. УИХ-д мэдэгдэхгүй авсан нь буруу. Хуулийн дагуу шийдүүлэх ёстой гэдэг байр суурь одоо ч хэвээрээ. Энэ газраас бас Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдоржийг дуудаад байгаа гэнэ. Та ирж мэдүүлгээ өгөөрэй” хэмээн мэдэгдэж байсныг хүмүүс санаж байгаа. Ингэж ярьж байсан хүн эрэн сурвалжлагдаж байгаа нөхрийг эгнээндээ авах уу? АН-д нэлээд байр суурьтай Ц.Элбэгдоржийг өмгөөлөн хамгаалагч хүмүүсийн хувьд намынхаа удирдлагуудтай гар, сэтгэл нийлж ажиллахад тийм ч амаргүй байх болов уу. Зарим нэг нь өөр сонголт хийгээд намаасаа нүүр буруулах нь бараг тодорхой.
2008 оны сонгуулийн дараа АН-ын даргаар сонгогдoж байсан Н.Алтанхуягийг ч саяхан Дээд шүүхэд бүртгүүлсэн Ардчилал шинэчлэлийн намын нууц ноёнтон гэж ярьж бичиж байна. Ц.Элбэгдоржийн хонгилыг “илчилсэн” түүнийг С.Эрдэнийн тушаалаар АН-аас хөөсөн нь зарим гишүүд дэмжигчдийнх нь дургүйцлийг ихэд төрүүлсэн юм билээ. Мань эр өөрөө “Эд нар намайг хөөнө гэж юу байдаг юм” гэж гүрийсэн ч АН-аас албан ёсоор өрх тусгаарлахаар зэхэж байх магадлал өндөр. Түүнийг дагаад намирчих хүмүүс тийм ч цөөн биш болов уу. Хэрэв Н.Алтанхуяг өөр нам байгуулаад зүтгэчихвэл АН-ын “хундаамнаас” нэг том тоосго суга үсэрлээ л гэсэн үг.
Нийслэлийн АН-ын дарга асан Э.Бат-Үүл бол АН-д гайгүй байр суурьтай улстөрч. Нийслэлийн Засаг даргаар ажиллаж байхдаа албан тушаал, эрх мэдлээ урвуулан ашигласан гэх хэргээр шалгагдаж байгаа түүний хэрэг эцэслэн шийдэгдээгүй байгаа. Хамгийн гол нь Э.Бат-Үүл Ерөнхийлөгч Х.Баттулгыг хэвлэлээр байнга гөвж, Төрийн тэрүүний нэр төрд халдсан хэргээр нэг биш удаа шүүхээр шийтгүүлсэн нь АН доторх байр суурийг нь ганхуулах эрсдэлтэй. Яагаад гэвэл Х.Баттулгын баруун гарын хүн АН-ын даргын Ахлах зөвлөхөөр очоод байна шүү дээ. Гэхдээ Э.Бат-Үүл гандан бууралгүй Гэр хорооллын хөгжлийн намаа тордоод явчихаж мэднэ. Энэ нь АН-д мэдээж хохиролтой. Ингээд бодохоор АН хэл ам татаж, хэрэг төвөгт холбогдсон хуучин бууны хугархайнуудаасаа салах бодлого барьж байгаа нь тодорхой байна. Тэгж байж шинэчлэгдэнэ, цэвэршинэ гэж бодоод байна. Гэхдээ энэ нь тус намыг улстөрийн хүчний хувьд задралд хүргэх үйл явц юм.
Д.Лхагва