Дархан-Уул аймагт коронавирусын халдвар илэрсэн гэдэг утгатай мэдээлэл зарим мэдээллийн хэрэгсэлээр гарсан. Тэгвэл үүнийг албаны хүмүүс үгүйсгэлээ. Энэ талаар НЗДТГ-ын Хэвлэл мэдээлэлтэй харилцах хэлтсийн дарга Ц.Мөнхбаатар сэтгүүлчдэд мэдээлэл хийх үеэрээ “Дархан хотод короновирусийн тохиолдол илэрсэн гэх мэтээр худал мэдээлэл тараасан байна. Өнөөдөр нийслэлийн Онцгой комисс хуралдлаа. Хуралдаанаар Монгол Улсад короновирусийн халдварын тохиолдол бүртгэгдээгүйг мэдээлсэн. Тиймээс олон нийтийн анхаарлыг татах, хандалтаа өсгөхөөр эх сурвалжгүй худал мэдээлэл тараахгүй байхыг хүсч байна” гэсэн юм.
Одоогоор дэлхийн нийтийг цочроож байгаа энэхүү гоц халдварт өвчин Монголд бүртгэгдээгүй байгаа ч аюул занал нь түгшүүр төрүүлсэн хэвээр байгааг эрүүл мэндийн байгууллагууд анхааруулсаар байна.
Б.Болор