УИХ-ын гишүүн Б.Пүрэвдорж Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг өргөн барьснаа өнөөдөр мэдээлэв.
Тэрбээр “Монгол Улсын нутаг дэвсгэрт борлуулсан бүх төрлийн бараа, ажил, үйлчилгээ болон гадаад улсаас Монгол Улсад импортоор оруулсан бүх төрлийн бараа, ажил, үйлчилгээний борлуулалтын үнэлгээнд ногдуулдаг 10 хувийн татварыг 5 хувь болгон бууруулахаар хуулийн төсөлд тусгасан. Одоо мөрдөж буй хуулийн хүрээнд манай улсын НӨАТ-ын орлого тасралтгүй өсөн, далд эдийн засаг хумигдаж, тэр хэрээр төсвийн орлого өсөх сайн нөлөө гарч байна. Гэхдээ НӨАТ-ын буцаан олголт бага байгаа нь инфляцийн түвшин өсөх, Дотоодын нийт бүтээгдэхүүн буурах эрсдлийг дагуулж байгаа учраас энэхүү хуулийн төслийг боловсруулсан” гэлээ. Ийнхүү сонгууль дөхөөд ирэхээр эрхэм гишүүд “сумаа тавьж ”, “үүцээ задалж” эхэллээ.
Д.Бат