“Эрдэнэс-Тавантолгой” ХК МУИС болон ШУА-ийн Хими, химийн технологийн хүрээлэнтэй хамтран ажиллах санамж бичиг байгууллаа
“Эрдэнэс-Тавантолгой” ХК-иас Монгол Улсын Их Сургуультай хамтран ажиллах санамж бичгийг 2019 оны 10 дугаар сарын 21-ний өдөр байгууллаа. Энэхүү санамж бичгийг байгуулснаар Монголын уул уурхайн салбарын чадавхийг дээшлүүлэх, хариуцлагатай уул уурхайг төлөвшүүлэхтэй холбоотой талуудын эрдэм шинжилгээ, судалгаа, инновацийн захиалгат ажлуудыг зохион байгуулах, холбогдох бусад бүх чиглэлд мэргэжлийн туслалцаа үзүүлэн хамтран ажиллах боломж бүрдэж байна. Санамж бичгийг “Эрдэнэс-Тавантолгой” ХК-ийн гүйцэтгэх захирал Б.Ганхуяг, МУИС-ийн захирал Я.Төмөрбаатар нар үзэглэсэн бөгөөд талууд нийгэмд манлайлагч байгууллагууд хамтын ажиллагааны гэрээ байгуулж буйг онцолсон юм.
“Эрдэнэс-Тавантолгой” ХК-ийн гүйцэтгэх захирал Б.Ганхуяг: “Хүрэлцэн ирсэн та бүхэнд компанийн нийт хамт олныхоо өмнөөс мэнд хүргэе. Манай компани ес дэх жилдээ үйл ажиллагаагаа явуулж буй бөгөөд ирэх онд 10 жилийн ойгоо тэмдэглэн өнгөрүүлнэ. Өнгөрсөн хугацаанд манай хамт олон нийгмийн хариуцлагын чиглэлээр олон ажил зохион байгуулсаар ирсний нэг нь өнөөдрийн арга хэмжээ болж байна. Юуны өмнө бид шинжлэх ухаанд суурилсан уул уурхайг хөгжүүлэхэд чиглэн ажилладгаа илэрхийлж байна. “Эрдэнэс-Тавантолгой” ХК Олон улсын хөрөнгийн зах зээлд нийт хувьцааныхаа 30 хувьд IPO хийж, хөрөнгө оруулалт босгож, дагалдах төсөл хөтөлбөрүүдийг хэрэгжүүлэн ажиллах бөгөөд эхний төсөл хөтөлбөрүүдэд хөрөнгө оруулалт хийн ажиллаж байна. Мөн удахгүй компанийн урт болон дунд хугацааны стратеги төлөвлөгөөг ТУЗ-ийн эхний хэлэлцүүлэгт оруулна. Энэ бүхэнд шинжлэх ухаанч судалгаатай зөвлөмж, зөвлөгөө шаардлагатай тул танай сургууль болон ШУТИС-ийн эрдэмтэн багш нарын хамтын ажиллагаа чухал байгаа. Түүнчлэн нь Тавантолгойн уурхайн үр ашгийг дээшлүүлж, одоогийн технологийг сайжруулах, эрчимт өндөр технологи нэвтрүүлэн, нүүрснээс эцсийн бүтээгдэхүүн гаргах судалгаа, туршилт, эрдэм шинжилгээний ажил, үүнтэй холбогдох бүх чиглэлд хамтран ажиллах зорилго байна. Миний хувьд төдийгүй манай хамт олны олонх нь танай сургуулийн төгсөгчид байдаг гээд 1500 эрдэмтэн багш, 22000 оюутантай өнөр бүлд ажлын өндөр амжилт хүсье гэв. МУИС-ийн захирал Я.Төмөрбаатар энэ үеэр хамтын ажиллагааны хүрээнд хийх зарим ажлыг дурдав. Тухайлбал, санамж бичгийн хүрээнд, МУИС-ийн оюутнуудыг “Эрдэнэс-Тавантолгой” ХК-д үйлдвэрлэлийн болон танилцах дадлага хийхэд дэмжлэг үзүүлэх, төгсөгчдийг ажлын байранд зуучлах, МУИС-ийн сургалтын орчин, материаллаг бааз, эрдэм шинжилгээ, судалгаанд хэрэглэгдэж буй тоног төхөөрөмж, программ хангамжийг сайжруулахад дэмжлэг үзүүлэх, МУИС-д ахисан түвшний оюутны тэтгэлэгт хөтөлбөр хэрэгжүүлэх, “ЭТТ” ХК-ийн үйл ажиллагааны чиглэлийн эрдэм шинжилгээ, судалгаа, инновацийн захиалгат ажил хийх, хамтарсан төсөл хэрэгжүүлэх, “ЭТТ” ХК-ийн хүний нөөцийг бэхжүүлэх, ажилтан албан хаагчдын мэдлэг, ур чадварыг хөгжүүлэх богино болон урт хугацааны сургалтад хамрагдах, боловсролын зэргээ дээшлүүлэхэд дэмжлэг үзүүлэх, “ЭТТ” ХК-ийн үйл ажиллагаа, 1072 хувьцааны талаар оюутан суралцагчид, багш ажилчдад мэдээлэл түгээх зэрэгт хамтран ажиллах талаар ярилцлаа.