Энэ хүн ер нь уурладаг болов уу гэмээр нүдээрээ инээсэн ах ирж гар барив. Сэлэнгэ аймгийн Цагааннуур сумын ахмадын хороонд мужаанаар ажилладаг, сумын Хөдөлмөрийн аварга Ч.Галбадрах гэж өөрийгөө танилцуулав. Ер нь нээлттэй хэрнээ эгэл даруу хүн юм.
-Та ямар ажил хийж байгаад тэтгэвэртээ гарсан бэ?
-Ах нь 1985 онд цэргээс халагдаад Сэлэнгэ аймгийн Найрамдал сангийн аж ахуйд ажиллахаар ирсэн. Уугуул нутаг гэвэл Увс аймгийн Тариалан сум. Энэ сайхан нутагт ирээд 1988-2019 он хүртэл “Хангай” үйлдрийн хонь малласан. 1989 онд сумын тарга хүчний аварга болж байлаа. Тэтгэвэртээ гараад сумын төв бараадаж, эндээ сууршсан даа. Гэхдээ ямар нэг юм хийе бодоод жижиг, дунд үйлдвэрлэлийн төсөл судаллаа.
Мужааны төсөл бичээд аймгийн Хөдөлмөр, халамж үйлчилгээний газарт өгчихлөө. Тэд маань ч дэмжиж 5 сая төгрөгийн зээл олгосон. Түүгээрээ баахан мужааны багаж аваад ирвэл эхнэр маань “Чи чинь юу аваад ирэв ээ. Мужаан хийж чадах юм уу?” гэж байна. Хүний чадаж байгаа юм чадах л байлгүй гээд л зүтгэчихсэн. Сандал, ширээ зэрэг гэрийн тавилгаас гадна гэрийн мод хүртэл хийж сурсан. Хөдөлмөр ингэж л хүнийг нээдэг юм билээ. Насаараа мал дагасан хэрнээ 60 нас гараад мужаан болчихдог л юм байна.
–Өмнө нь мужааны ажил хийж байгаагүй юү?
-Үгүй. Малаа л малладаг байсан. Хэрвээ өөртөө найдалгүй тэтгэвэрээ хараад суусан бол өдийд хийсэн бүтээсэн юмаар маруухан л байх байлаа. Ямар ч байсан ахмадуудад бололцоо байдгийг харуулж чадсандаа баяртай явдаг. Тэтгэврийн хүмүүст эрч хүч, ажиллах чадвар байдаг гэдгийг харуулах гэсэн эрмэлзлэл маань маш зөв шийдэл болсон.
–Бүтээгдэхүүнээ яаж борлуулж байна даа?
-Захиалгаар хийдэг болохоор зах зээл байдаг.
-Ямар ч байсан өрхийн орлогоо нэмэгдүүлж чаджээ. Та тэтгэвэр хэдийг авдаг вэ?
-Тэтгэврийн хамгийн доод хэмжээг авдаг. Мужаан хийж эхэлснээс хойш сарын орлого маань 1000.000-1.500.000 болж нэмэгдсэн.
–Хангай үйлдрийн хонины онцлог юундаа байдаг вэ?
-Ноолуурын чиглэлийн хонь. Нарийн ноостой гэсэн үг.
–Баярлалаа. Таны ажилд улам их амжилт хүсье.
Д.Лхагвадорж
2 сэтгэгдэл
y6925z
8pe4q1