“Элэгний Жамсран” гэж алдаршсан Ж.Жамсран гуайн сургийг олон удаа сонсч байлаа. Бичсэн номыг нь ч харж л явсан. Телевиз радио, сонинд өгсөн ярилцлагыг нь ч үзэж л байлаа. Яг өөртөө нь уулзаад ярихад амьдрал хичнээн баян, хүн ямар агуу юм бэ гэх бодол өөрийн эрхгүй төрсөн юм. 40 орчим жилийн өмнө элэгний эдгэшгүй хүнд өвчинд нэрвэгдэж байжээ. Гэхдээ хорт хавдар гэдэг тэр айхтар өвчнийг өөрийн эр зориг, ухааны хүчээр ялсан гэдэг. Энэ эрхэмтэй 2011 онд хийсэн ярилцлагаа сонирхуулая.
-Хоёулаа таны намтраас яриагаа эхэлье. Болох уу?
-Тэгье тэгье. Өвөө нь Хэнтий аймгийн Цэнхэрмандал суманд төрж өссөн хүн. 1945 онд 20-иодхон настай байхдаа Намын шинэ хүчний дээд сургуулийг төгссөн. Мөн ЗХУ-ын Комсомолын дээд сургууль, Казахстаны Хууль зүйн дээд сургуулийг тус тус дүүргэсэн. Мэргэжил маань гэвэл улстөрч, хуульч. Монголын хувьсгалт залуучуудын эвлэлийн төв хорооны Нарийн бичгийн дарга, Ховд, Дорнод аймгуудын Намын хорооны Нэгдүгээр нарийн бичгийн дарга, Завханы гүйцэтгэх захиргааны дарга зэрэг албыг хашиж явлаа.
-Ю.Цэдэнбал гуайг та дандаа ярьж, биширч явдаг гэж сонссон. Нарийн учрыг нь яриач?
-Тэр хүний ачаар л би ажил амьдралтайгаа золгосон. Бас эдгэшгүй оноштой хүнд өвчнөө ялахад энэ хүн л их тусалсан гэж боддог. Би 1939 онд Дотоод явдлын яамны үүдний хянагчаар ажилладаг байлаа. Нэг өглөө сайд, генерал Шагдаржав орж ирэв. Би түргэн гэгч нь босоод ёслов. Сайд МАХН- ын Төв хорооны Ерөнхий нарийн бичгийн дарга Ю.Цэдэнбалд албан бичиг хүргэж өгөх үүрэг өгөв. Тэр том хүний албан өрөөнийх нь үүдэнд очоод хаалгыг нь тогшвол дарга өөрөө ирээд хаалга нээж өгөв. Цэвэрхэн цагаан царайтай, золбоолог төрхийг нь хараад өөрийн эрхгүй сүрдсэнээ нуугаад яахав. Гэхдээ л зориг гарган тав хийтэл ёслоод албан бичгээ хүлээлгэн өгөв. Дарга “За мэдлээ. Явж болно” гэлээ. Би яагаад ч юм “Хүлээж авсан гарын үсгээ зураад өг” гээд тавьчихав. Гэтэл “Юу гэнээ. Заавал гарын үсэг авчир гэсэн юм уу” гэж байна. Бүр зориг ороод “Хариуцлагатай байх ёстой” гэчихлээ. Дарга “Яасан сүрхий нөхөр вэ. Ямар боловсролтой вэ. Цаашаа суралцах ёстой хүн байна, чи” гэлээ. Ингэж л би 17-хон насандаа Намын шинэ хүчний сургуульд орж билээ. Дараа нь ямар ямар сургууль дүүргэснээ ярилцлагын эхэнд хэлсэн.
-Таныг хариуцлагатай байх ёстой гэдэг үгнийхээ ачаар л сургууль соёл дүүргэж, өндөр албан тушаал эрхэлж явсан гэж ойлгож болох уу?
-Бололгүй яахав. Тухайн үөд Цэдэнбал даргад ямар азаар хариуцлага гэж хэлсэн юм гэж одоо хэр боддог. 17-хон настай жаахан хөвүүнд аливаа улс үндэстэн, хувь хүн хариуцлага гэдэг лут зүйлийн ачаар л ахиж дэвшдэг гэсэн ойлголт төрсөн байсан байх л даа. Ах нь насаараа ажлын хариуцлагаа баримтлана гэдэг ганцхан хатуу зарчимтай байлаа. Одоогийн залууст ч гэсэн ажил, амьдралдаа хариуцлагатай бай гэдэг ганцхан үгийг л хэлдэг.
-Таны дурсамжийн номыг уншсан. Үнэхээр сонирхолтой дурсамжаар дүүрэн юм билээ. Дэлхийн анхны сансрын нисэгч Ю. Гагарин, нэрт зохион бүтээгч Н. Королёв нартай нүүр тулан уулзаж, гарын үсэг авч байсан тухай мөрүүд үнэхээр сэтгэл хөдөлгөсөн шүү.
-Би өөрөө ч дурсах дуртай. Тэр агуу хүмүүсийн гарын үсгийг харах тоолондоо “Жамсран чи бас азтай нөхөр шүү” гэж хэлмээр санагдаад байдаг юм.
-Тэр үйл явдлын тухай яг тодорхой ярихгүй юу?
-Дорнод аймгийн Намын хорооны Нэгдүгээр нарийн бичгийн даргаар ажиллаж байлаа. Нэг өдөр “Жамсран таныг МАХН-ын Төв хороон дээр дуудаж байна” гэв. За би ямар хэрэг тарьчихдаг билээ гэж битүүхэн сэтгэл түгшсээр нийслэлд ирэв. Гэтэл “Таныг Ю. Цэдэнбал, Ж.Самбуу тэргүүтэй нам, засгийн удирдагчдын хамт Октябрын хувьсгалын 50 жилийн ойд оролцуулах боллоо. Баяр хүргэе’ гэлээ. Баярласан гэж учиргүй. Ингээд Москвад очлоо. Баярын арга хэмжээ сайхан болов. Орой нь хүлээн авалт дээр сууж байтал ойролцоох ширээн дээр сансрын анхны нисэгч Ю.Гагарин сууж байгаа харагдав. Ийм завшааныг ашиглах хэрэгтэй гэж зориглон бодоод бослоо. “Нөхөр Гагарин. Би Монголын төлөөлөгчдийн гишүүн байна. Танаас гарын үсэг авч болох уу” гэлээ. Гэтэл тэр том хүн их энгийнээр “Өө Монгол” гэж хэмээн хоёр гараа өргөн хэлээд босоод ирлээ. Тэгээд нэгэн шингэн цагаан сахалтай Орос хүн дээр дагуулан очоод намайг танилцуулав. Та энэ хүнд гарын үсгээ өгөөч гэж нэмж хэлэв. Тэр хүн бол агуу их зохион бүтээч Николай Королёв байсан юм. Шууд л гарын үсгээ зураад өглөө. Сэтгэл догдолж байна гэж жигтэйхэн. Хожим нь сонсвол Королёв хатуу хамгаалалттай явдаг байсан юм билээ. Хүмүүс гарын үсэг авах нь бүү хэл ойртож болдоггүй байсан гэж байгаа. Ийм том хүмүүсийн энерги надад сайнаар нөлөөлсөн нь лавтай. Би чинь үхээд боссон хүн шүү дээ.
-Эрүүл мэндийн шинжлэх ухааны үндэслэлээр эдгэрэх найдлагагүй гэсэн онош тогтоогдсон хүнд өвчнийг ялан дийлнэ гэдэг гайхамшиг. Та энэ талаараа ярина уу?
-Би 1960-1970 оны хооронд Ардын армийн Улстөрийн газрын нэгдүгээр орлогчоор ажилласан. Нэг өдөр Батлан хамгаалах яамны сайд дуудаад Москва хотод Цэргийн удирдах ажилтны дээд курст суралцах болсныг дуулгав. Армийн 50 жилийн ойг угтсан бэлтгэл ажил их байгааг учирлавал “Тэр ажлынхаа нэлээдийг хийж гүйцэтгэсэн гэдэгт итгэж байна. Үлдсэнийг нь бусад ажилтнууддаа даалгана биз” гэлээ. Ингээд 1970 онд Москва хотыг зорив. Тэр үеэс л бие хааяа эвгүйрхэж, гэдэс ходоод, цөс хавиар өвддөг болоод байлаа. Ингээд тэндхийн цэргийн төв эмнэлэгт шинжилгээ өгвөл их тааруухан хариу гарсан. Хавдарт шилжиж буй цирози. Сэтгэлээр унаж эхэллээ. Нутагтаа буцан ирж арай хийн армийнхаа 50 жилийн ойдоо оролцсон. Дараахан нь Ёндондүйчир генералын ачаар Германд очиж хэсэг эмчлүүлсэн. Герман эмч нар их ч сайн эмчилж, үнэхээр сэтгэл гаргасан. Гэвч байдал дээрдсэнгүй. Маш хүнд өвчинд нэрвэгджээ. Засал авах найдлагагүй болсон учир эх орон руугаа буцлаа. Бие, сэтгэл гэж авах юм алга. Онгоцонд суугаад буцаж явахад юу эс бодогдох билээ. Нэг мэдсэн чинь зүйрмэглэчихэж. Гэтэл ижий минь зүүдэнд ирээд “Миний хүү төрсөн нутгаа бараадсан чинь дээр” гэх шиг болов. Хүний зөн совин гэдэг сонин юм шүү. Юутай ч гэртээ хариад төрсөн нутаг руугаа явья гэдэг бодол төрөв. Хань ижил, үр хүүхдүүд, хамт олон, найз нартайгаа уулзаад төрсөн нутаг Бурхан халдун уулаа бараадах санаагаа хэлэв. Хэвтэрт орсон хүнийг яаж тийм хол газар явуулж зүрхлэх вэ дээ. Бүгд л уйлж унжаад, явуулахгүй гэцгээв. Цэдэнбал дарга хүртэл “Тэр одоо хотын эмнэлгээс сумын эмнэлэгт хэвтэнэ гэж юу яриад байгаа нөхөр вэ” гэж дургүйцэж байлаа. Гэхдээ байдлыг ойлгоод намайг нутаг руугаа явахыг дэмжиж билээ. Бал дарга маань “Жамсран явдлын гар даахгүй, онгоц гаргаж өг” гэж хэлсэн байгаа юм. Нутагтаа ирлээ. Нулимс аяндаа асгараад л. Гэхдээ хангай дэлхийгээ, цэнгэг ус, цэцэг ногоог хараад сэтгэл сэргэх шиг болсон. Ямар нэгэн далд совин байсан биз. Төрсөн нутаг минь аварч өршөө гээд л залбираад байлаа. Ингээд л өөрийгөө эмчлэхээр сэтгэл шулуудсан даа. Шууд л Хэрлэн голынхоо усыг ууж, өвс ургамал идэж, цэвэр агаараар амьсгалж эхэлсэн чинь бие мэдэгдэхүйц сайжраад ирэв. Тэгэхлээр нь ой модоор гэр хийж нэг хэсэг амьдарсан. Хүнд дараа болохгүй гээд нэг морь, нохой дагуулаад уул руу гараад өгсөн хүн шүү дээ, би. Морио Цагаадай, нохойгоо Тигр гэж нэрлэсэн. Тэдэнтэйгээ яг л хүн шиг ярьдаг байлаа. Хоорондоо сүрхий дасацгаасан даа. Үнэхээр сайн нөхөр, хамгаалагч минь байсан юм шүү. Намайг ядраад хэвтэхээр Тигр маань хажууд ирчихээд гаслаад л, гар долоогоод их л өрөвдөлтэй харагддагсан. Цагаадай минь ялгаагүй намайг хот руу буцах болоход салах нь гэж совингоороо мэдрээд том том нулимс унагаж байсан даа, хөөрхий. Ойд явж байхад миний аминд олон удаа орсон хоёр сайн нөхрөө дурсаад ярианаасаа хазайчихлаа. Тэгж явахдаа Мөнгөн уулын сүүдэр цэцэг, Хөхөөний ундаа, Минжийн хангайн онголыг олж уухад биед илт нөлөөлсөн. Ер нь байгаль эхтэйгээ зөв харьцаж чадах юм бол ямар ч өвчин эдгэрнэ гэж өвгөн ах нь хэлж чадна. Газартайгаа аль болох ойр байх хэрэгтэй. Газарт биеэ наах, хэвтэх, хөрвөх, газрын чийг арилсан үед хөл нүцгэн явах, газар унтах гэх мэт. Мөн усны сайныг хэрэглэх их үр дүнтэй. Би хурын ус, задгай булаг шандны ус, хүхэргүй, хийжүүлээгүй усыг л уудаг байсан.
-Ойд явахдаа ер нь юу идэж уудаг байсан бэ?
-Эхлээд Хэрлэн голынхоо уснаас зөөлгөж уусан. Дараа нь овоо сэргээд ирэнгүүт өөрөө явж өвс ногоо, хад чулуун дундуур тахиралдан урссан горхины усыг ууж эхэлсэн. Хүрэндүү өнгөтэй байлаа. Нутгийн ус гэдэг үнэхээр ид шидтэй ариун рашаан юм билээ. Уух тоолонд хүйт оргивч нэг л сайхан болох шиг санагдана. Хэдий бие ядруу ч өвс ногоон дээр нүцгэн хэвтэж, өвч ургамлын үндэс, үр жимсийг нь идэж нараар төөнүүлж, салхиар илбүүлж, агаарыг нь амьсгалдаг байлаа. Аажмаар бие сайжирч хоол унданд орж эхэлсэн. Голдуу үхэр, тахиа, гахай, туулайн мах, загасаар хооллож халуун ногоо, давс, сонгиныг тун бага хэрэглэсэн. Удалгүй эмийн ургамал найруулан тан хийж уудаг болсон. Шархны шар цэцэг, хунчир, үхэр мэхээр, сүүдэргэнэ, ванжингарав, хусны онгол, бамба цэцэг, хээрийн халгай, шивлээ зэргийг түүж, хандалж уугаад дараа нь хатаагаад хэрэглэж байсан. Хааяа туйплан тан хийж уухад элэг цөс, ходоод, бөөр, архаг хуучинд болон аливаа хордлого тайлах сайн талтай байсан.
-Элгэнд баавгайн цөс их сайн гэдэг үнэн үү?
-Буриад Дамдинжав гэдэг миний сайн найз байлаа. Тэр маань гурван анч нохой дагуулан хөвчийн хангайд оч ид унтаж байгаа баавгайн ичээ рүү буудан сэрээж намнаад надад цөсийг нь өглөө. Гурван өдөр дараалж уугаад биеэ жаахан гайгүй болохоор нь долоо, бүр овоо болоод ирвэл 14, биеэ дээрдээд ирэхээр нь сард нэг удаа гэх зэрэг хоногийг нь холдуусаар жилд нэг удаа уудаг болсон. Дэлхийд амархан эмчлэгддэггүй элэгний судасны өргөшилтийг ичээний баавгайн цөсөөр хэрхэн эдгээж, эмчилж чадсан түүх минь энэ дээ. Би бас элээний элэг идэж, тарваганы цөс хатаан хандалж ууж үзсэн. Тус болдог нь илт мэдрэгдсэн.
-Одоо та хоол ундны дэглэм барьдаг уу, эм тан хэрэглэж байна уу?
-Өлөн элгэн дээрээ цэвэр ус уух маш сайн. Би Хятадад үйлдвэрлэсэн соронзон аягыг мөнгөөр доторлуулаад өглөе бүр соронзтой мөнгөжүүлсэн ус уудаг. Бас цусан бэтгийг эвдэх, тамир сэлбэх, хордлого тайлах увидастай бөхөнгийн эврийн тайрдас, зүрхэнд сайн задь хийж уудаг. Мэдээж ус уугаад зүгээр хэвтэж болохгүй. хэд хэдэн хөдөлгөөн дасгал хийдэг.
Учир нь хөдөлгөөнгүйгээр хэрэглэсэн эм тариа, хүний биеийн гол зүйл болсон цус усаар бүрэн тархаж чаддаггүй. Хоол ундны тухайд өдөр ахиу юм идээд орой хөнгөн хооллодог. Элдэв халуун ногоо, давс, чихэрлэг зүйл хэрэглэдэггүй. Буцалгасан ус, хар цай, байхуугаар унд хийнэ. Хааяа сүүтэй цай уувал нохойн хошуу, боролзгоны шар цэцэг, хар модны холтос оруулж, цагаан тангаар найруулж уудаг. Хоолоо халгай, цагаан мөөгөөр хачирладаг.
-Сүүлийн үед элэгний өвчлөл эрс нэмэгдсэн. Танаас зөвлөгөө авах хүн олон байх юм уу?
-Байлгүй яахав. Чадлынхаа хэрээр тусалж зөвлөгөө өгч, өөрийн бий болгосон тангаа өгдөг. Ууж хэрэглэж илааршсан хүн бишгүй байгаад үнэхээр баярладаг. Ax нь Их тан буюу “Танчин-25” тангаа өөрийн аргаар намрын зэрлэг гахайн цусаар хүчжүүлэн бэлдсэн. Бас Тарьд-5” гэдэг тан байна. Үүнийг маань Чингэлтэй дүүргийн иргэн Цэрэндорж гуай хэрэглээд хавдраас ангижирсан юм. Хүмүүст хэрэгтэй болов уу гэж бодоод хэд гурван ном бичсэн. Тэнд бүх зүйл тодорхой байгаа. Нацагдоржийн номын сан, бас бусад номын дэлгүүрүүдэд худалдаалагдаж байгаа.
-Та элэг гэдэг эрхтний талаар маш сайн мэдлэгтэй болжээ?
-Тэгэлгүй яахав. Амийг минь авах шахсан эрхтэнээ олон жил уйгагүй нарийн судалсан. Элэг өөх тос солилцооны чухал эрхтэн. Тийм ч учраас цөс ялгаруулж, хоол боловсруулах эрхтэнд орсон өөх тосыг боловсруулан шингээхэд шууд оролцдог. Түүнчлэн өөх, өөхний хүчил, холестерин зэрэг бодис үүсгэхэд гол үүрэгтэй. Элэг нь цөсийг ялгаруулдаг. Цөсийг хуримтлуулагч эрхтэн нь цөсний уут болно. Тэрээр сунаж, агших чадвартай. Элэг нь гаднаас биед нэвтрэх элдэв бодисыг шүүж цэвэршүүлэх үүрэгтэй гэх зэргээр бүхэл бүтэн лекц унших хэмжээний мэдлэг хуримтлуулжээ.
-Элэгний өвчнөөс яаж сэргийлэх вэ?
-Энэ өвчнөөс сэргийлэх алтан дүрэм:
1.Архи бүү хэрэглэ.
2.Тамхи бүү тат, тамхины утаанаас хол бай.
3.Хөгц, мөөгөнцөртэй хүнс бүү хэрэглэ.
4.Шаардлагагүй бол тариа хийлгэхээс зайлсхий.
5.Тариа хийлгэхдээ нэг удаагийн тариурын бүтэн байдлыг шалгаж үзэх, заавал өөрийнхөө дэргэд задлуулж бай.
6.Шаардлагагүй бол цусаа шүүлгэж болохгүй.
7.Шивээс хийлгэх хэрэггүй.
8.Найдвартай шүдний эмнэлгээр үйлчлүүлэхийг хичээ.
9.Эмийг зөвхөн эмчийн заавраар хэрэглэ.
10.Замбараагүй бэлгийн амьдралаас зайлсий. Үүнийг л зөвлөх байна даа. Элэгний үйл ажиллагаанд өөрчлөлт орвол бусад эрхтэнд нөлөөлдөг. Тэгэхлээр хүүхдийн зулай шиг ийм эмзэг эрхтэнээ хайрлаж, хамгаалж яваарай гэж элэг нэгт Монгол ахан дүүстээ захия.
ярилцсан Д.Лхагвадорж