Монголын төр баялаг бүтээж байгаа бизнес эрхлэгчдээ дэмжих ёстойг Ерөнхийлөгч санууллаа. Тэдэнд хүндрэл, хүнд суртал учруулах явдал байж болохгүйг ч анхааруулав. Төрийн тэргүүн 30 жилийн турш улсын ачааг үүрэлцэж ирсэн гэдэг утгаар нь баялаг бүтээгчдэд талархал дэвшүүллээ.
Монгол хэмээх улсын бүх ачааг төр дангаараа үүрээд явах боломж аль ч талаасаа байхгүй учраас хувийн хэвшлээ дэмжихээс өөр аргагүй. Иймийн тулд бизнес эрхлэхэд тулгамддаг дарамт шахалт, хүнд суртал байх ёсгүй. Дээр нь татварын уян хатан, таатай орчин үгүйлэгдэж байгаа нь үнэн. Энэ бүхнийг л Төрийн тэргүүн онцолж харсан байна.
Өнөөдөр хувиараа бизнес эрхлэхийг хүссэн хүнд тусгай зөвшөөрлөөс эхлээд олон том даваа хүлээж байдаг. Дараа нь татвар, хяналт шалгалт гэдэг дарамт үүсдэг. Төрийн зүгээс тавих хяналтаа орхигдуулж болохгүй. Гэхдээ давхардал, хийдэл байж болохгүй нь ойлгомжтой. Өнөөдөр 20 хүний ажлын байртай аж ахуйн нэгж Нийгмийн даатгалын шимтгэл дээрээ сөхөрчих гээд байгаа нь нууц биш. Эндээс л баялаг бүтээгчдээ дэмжих бодлого эхлэх учиртай.
Д.Лхагва