Монголчуудын өргөн дэлгэр тэмдэглэдэг уламжлалт баяр цагаан сар менингококкт халдварын дэгдэлтийн оргил үе буюу гуравдугаар сард тохиож байна.
Тиймээс баярын өдрүүдийг тэмдэглэхдээ олон хүн цугларсан газарт бага насны хүүхдийг дагуулж явахгүй байх, золгохдоо бага насны хүүхдийг үнсэхгүй байх, амны хаалт зүүж, гараа халдваргүйтгэх, ам, хоолойг давс, нимбэг, сармисны уусмалаар ээлжлэн зайлах, гэр орондоо агаар сэлгэхийг мэргэжилтнүүд зөвлөлөө.
Учир нь менингококкт халдварыг үүсгэгч нянгийн үржих таатай температур нь 36-37 хэмийн дулаан, чийгтэй орчин бөгөөд өвчилсөн хүн, хамар, залгиурын үрэвсэлтэй хүн, нян тээгчээс агаар дуслын замаар тархдаг байна.
Судалгаанаас үзвэл манай улсад менингококкт халдвараар өвчилсөн хүмүүсийн 84 хувь нь 14 хүртэлх насны хүүхдүүд аж. Тиймээс ойрын өдрүүдэд сар шинийн бэлтгэл хийхдээ хүүхдийг зах, худалдааны төвүүдээр дагуулж явахаас зайлсхийхийг уриаллаа гэж Үндэсний мэдээллийн агентлаг МОНЦАМЭ мэдээллээ.