Монгол Улсын Ерөнхийлөгчөөс 2024 оны 12 дугаар сарын 26-ны өдөр өргөн мэдүүлсэн Элчин сайдыг томилох асуудлаар зөвшилцөх тухай асуудлыг хэлэлцлээ.
Энэ талаар Монгол Улсын Ерөнхийлөгчийн Хот, хөдөөгийн бодлого хариуцсан зөвлөх Г.Ганболд, Улсын Их Хурлын Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн Б.Жаргалан нар тус тус танилцуулав.
Монгол Улсын Үндсэн хуулийн Гучингурав дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 5 дахь заалт, Монгол Улсын Ерөнхийлөгчийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 3, Засгийн газрын тухай хуулийн 15 дугаар зүйлийн 4, Дипломат албаны тухай хуулийн 16 дугаар зүйлийн 1 дэх заалтыг тус тус үндэслэн Монгол Улсаас Бүгд Найрамдах Польш Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайдаар Наваан-Юндэнгийн Оюундарийг шинээр томилох саналтай байгааг Г.Ганболд зөвлөх дурдлаа.
Мөн уг асуудлыг Засгийн газрын 2024 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн хуралдаанаар хэлэлцүүлж, Засгийн газрын гишүүд дэмжсэн гээд Элчин сайдаар томилон ажиллуулахаар нэр дэвшүүлж буй Н.Оюундарь нь төрийн албанд олон жил ажилласан, дипломат албанд ажилласан туршлагатай, мэргэжлийн өндөр ур чадвартай, удирдах ажлын дадлага туршлагатай. Орос англи, герман, хятад хэлний мэдлэгтэй. Төрийн болон дипломат албаны хууль тогтоомжийн шалгуурыг хангасан, төрийн тусгай албанд ажиллах бүрэн боломжтой албан хаагч гэж үзэж байгаа гэв.
Харин уг асуудлыг Улсын Их Хурлын Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хороо 2025 оны 01 дүгээр сарын 08-ны өдрийн хуралдаанаараа хэлэлцсэнийг Улсын Их Хурлын гишүүн Б.Жаргалан танилцуулгадаа онцлоод Монгол Улсын Ерөнхийлөгчөөс Улсын Их Хуралд зөвшилцөхөөр өргөн мэдүүлсэн Н.Оюундарийг Монгол Улсаас Бүгд Найрамдах Польш Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайдаар томилох саналыг Байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжсэн гэж байлаа.
Монгол Улсын Ерөнхийлөгчийн санал, нэр дэвшигч болон Байнгын хорооны санал, дүгнэлттэй холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн А.Ариунзаяа, Б.Пүрэвдорж, С.Ганбаатар, С.Бямбацогт, Д.Үүрийнтуяа, Ж.Батсуурь, С.Эрдэнэболд, М.Бадамсүрэн, Ж.Золжаргал, Ц.Сандаг-Очир, А.Ганбаатар нар асуулт асууж, үг хэлсэн. Гишүүд нэр дэвшигчээс Элчин сайдаар томилогдвол хоёр улсын харилцаа, хамтын ажиллагааг өргөжүүлэхэд хийхээр зорьж үйл ажиллагаа, бодлогыг илүүтэй лавлахын зэрэгцээ төрийн болон дипломат албанд ажилласан туршлагатай, мэргэжлийн өндөр ур чадвартай, гадаад хэлний мэдлэгтэй ийм хүнийг нэр дэвшүүлж буйг дэмжиж байгаагаа илэрхийлсэн. Мөн гишүүд нэр дэвшигчдэд хандан хоёр улсын импорт, хөрөнгө оруулалт, эдийн засгийн хамтын ажиллагааг өргөжүүлэхэд онцгойлон анхаарч ажиллах, Польш улсын Элчин сайдын яамнаас тус улсад зорчих монгол иргэдэд виз олгохгүй байгаад анхаарч ажиллахыг захиж байлаа.
Нэр дэвшигч Н.Оюундарь хариултдаа, “Бүгд Найрамдах Польш Улс нь Европын холбооны болон НАТО-гийн гишүүн улс. Варшав хотод суугаа Монгол Улсын Элчин сайдын яам нь Латви, Литва, Украин улсыг хавсардаг тул Европын холбоотой хамтран ажиллах чухал асуудал бий. Монгол Улсын дипломат төлөөлөгчийн газар нь тухайн улсад амьдарч буй монгол иргэдийн асуудал, улс хоорондын улстөр, нийгэм, эдийн засаг гээд харилцаа хамтын ажиллагааны өргөн хүрээнд ажилладаг. Ялангуяа соёлын харилцаа чухал ач холбогдолтой бөгөөд зөөлөн хүчний бодлогоор Монгол Улсаа таниулах, хөрөнгө оруулалтыг татах, эдийн засгийн үр өгөөжийг бий болгоход чиглэж ажиллана. Мөн орон нутгийн харилцаа холбоог хөхиүлэн дэмжих шаардлагатай. Түүнчлэн хоёр улсын хамтын ажиллагааны гол чиглэл болох эдийн засаг, худалдааны хамтын ажиллагааг бэхжүүлэхийн тулд шинжлэх ухаан, боловсрол, геологи, уул уурхайн чиглэлд олон төсөл хөтөлбөрүүдийг хэрэгжүүлэхийн зэрэгцээ нийгэм, эдийн засгийн асуудалд анхаарч ажиллахаар зорьж байна” гэв.
Ингээд Монгол Улсаас Бүгд Найрамдах Польш Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайдаар Н.Оюундарийг томилох саналыг хуралдаанд оролцсон гишүүдийн 67.7 хувь дэмжсэн тул энэ талаарх саналыг Монгол Улсын Ерөнхийлөгчид албан бичигт хүргүүлэхээр тогтлоо.