Өвгөн би хөл муутай болохоор тэр бүр нийтийн тээвэрт суудаггүй. Үр хүүхдүүдийнхээ авч өгсөн унаагаар хөл дүүжилдэг. Өчигдөр очих газар маань зогсоол муутай болохоор автобусанд суулаа. Хүн ихтэй гэж жигтэйхэн. Суучихмаар байсан ч унтсан дүр үзүүлсэн, утаа шагайсан залуучуудаас хэн нь ч босч өгсөнгүй. “Биднийг бага байхад хүүхдүүд өөрсдөө л босоод өгдөг байсан юм даа” гэсэн ухааны юм бодоод зогсож явтал дараагийн буудлаас 60-тай биш, 70-тай ч биш, бүр 80 орчим насны эмгэн орж ирэв. Хөөрхий автобусны суудлаас байдгаараа чангайна.
Нөгөө хүүхдүүд мөн л боссонгүй. Үүнийг ажигласан 50 гаруй насны эр 25 орчим насны залуухан бүсгүйд “Энэ хүнд босоод өгөөч” гэвэл нөгөө хүүхэн “Би жирэмсэн, чадахгүй” гэж ширэв татахаар барахгүй нөгөө шаардлага тавьсан хүнийг сохор мангар хэмээн баахан доромжлов. Ийм хүнтэй юм яриад нэмэргүй л дээ. Ядаж байхад хажууд нь сууж явсан залуучуудаас хэн нь ч боссонгүй. Эмэгтэй хүмүүс ийм хүн чанаргүй болсныг автобус доторх нөхцөл байдлаас харж мэдэрсэн би ихэд гутрав. Намайг хүн гэж тоож байгаа ч шинж алга. Нөгөө эмгэн удаан зогсож явж чадахгүйг анзаарсан 70 гаруй насны өвгөн босож өглөө. 80 настнуудад 70 настай нь суудал тавьж өгдөг болсон байна.
Автобусанд хөөрөлдсөн өвгөний яриаг сийрүүлсэн Д.Лхагвадорж