Улсын Их Хурлын намрын ээлжит чуулганы өнөөдрийн (2024.10.03) үдээс хойших нэгдсэн хуралдаанаар “Монгол Улсын хөгжлийн 2025 оны төлөвлөгөө батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг хэлэлцэх үеэр Эрчим хүчний сайд Б.Чойжилсүрэн “Эрчим хүчний салбарт нэгж цахилгаан эрчим хүчийг 285 төгрөгөөр үйлдвэрлэж, 140 орчим төгрөгөөр борлуулж байгаагаас маш их алдагдалд орж, өр төлбөр хяналтаас гараад байна. Хэрэглээний савалгаатай үед ОХУ-аас эрчим хүч импортоор авах техникийн хүчин чадал дээд хэмжээндээ хүрчихсэн тул тохируулга хийхэд хэрэглэхээр Багануур дүүрэгт бага оврын хуримтлуур барихаар төлөвлөсөн” хэмээн мэдэгдлээ.
Тэрбээр мөн “Эрчим хүчний салбарт томоохон төслүүдийг хэрэгжүүлснээр 2027-2028 оны өвлөөс эхлэн цахилгаан хязгаарладаг явдал байхгүй болно” гэв.