Сошиал-Демократ Монголын залуучуудын холбоо /СДМЗХ-/ны ээлжит VII Их хурал болж, төлөөлөгчдийн олонхийн саналаар Б.Пүрэвдагвыг долоо дахь Ерөнхийлөгчөөр сонгосон. Тэрбээр УИХ-ын гишүүн, ЗГХЭГ-ын дарга Н.Учралаас холбооны тамга, тэмдгийг гардан авснаар ирэх дөрвөн жилд хэрэгжүүлэх стратеги төлөвлөгөөг танилцуулсан юм. Тэргүүлэх дөрвөн чиглэл, 16 зорилт бүхий Progressive, Development, Strategy буюу /PDS/ Дэвшилтэт хөгжлийн стратеги төлөвлөгөөг хэрэгжүүлэн ажиллахаар танилцуулж, VII Их хурлын төлөөлөгчдөөр батлууллаа. Үүнтэй холбогдуулан СДМЗХ-ны Ерөнхийлөгч Б.Пүрэвдагвын байр суурийг сонслоо. Тэрбээр “СДМЗХ-ны ээлжит VII хуралдаанаар 2024-2028 онд хэрэгжүүлэх Дэвшилтэт хөгжлийн бодлогоо /PDS/ зарлаж, төлөөлөгчдийн хамтаар баталлаа. Энэ төлөвлөгөөг боловсруулахын тулд нийгмийн судлалын маш олон эксперт, судлаачдыг хамруулж тоо болон чанарын судалгааг улс орон даяарх 18-35 насны залуучуудын дунд өрнүүлсэн. Ингэснээр гарсан үр дүнд нь тулгуурлан залуучуудынхаа хүсэл, хэрэгцээ шаардлагад тулгуурласан стратеги төлөвлөгөөг боловсруулсан. Энэ стратегийн хүрээнд дөрвөн төрлийн боломжийг залуучууддаа санал болгож байна. Тухайлбал, хувь хүний хөгжих боломж, нийгийн хөгжилд хувь нэмрээ оруулах боломж, олон улсын түншлэлийн болон улс төрд оролцох боломж гэсэн дөрвөн үндсэн чиглэл, 16 зорилттой стратегийг танилцуулж, батлууллаа. Улс орон даяар салбар холбоодтой, үндэсний хэмжээний байгууллагын хувьд стратегийн зорилгоо бид бүс нутгийн хүрээнд онцлог бүрт нь тохируулан боловсруулж, ажлын даалгавраа болгож байгаа юм. Тухайлбал, нийслэлийн төдийгүй зүүн, баруун бүсийн залуучуудын асуудал өөр. Ерөөсөө 18-35 насны залуучуудын маань асуудал ч дотроо хэд хуваагддаг. 18-22, 22-29, 30-35 насны залуучуудын өмнө тулгарч буй асуудал тус бүртээ өөр байдаг. Тиймээс олон асуудал, онцлогтой, олон залуучуудын асуудлыг шийдэх бодитой шийдлийг олж, бодит үр дүн гаргахаар ирэх дөрвөн жилээ эхлүүлж байна. Энэ удаад СДМЗХ 27 жилийн түүхэн дэх долдугаар үе рүү шилжиж байна. 1990-ээд оныхон энэ холбоог цаашид авч явах хүндтэй үүргийг хүлээн авлаа. Бидний онцлог бол маш прагматик, бодитой үр дүн хүсдэг, судалгаанд суурилсан бодлого, хөтөлбөр хэрэгжүүлэхийг чухалчилдаг үеийнхэн. Тэгэхээр бид цаашид өөрсдийн үеийнхний арга барилаар өөрсдийн үеийнхний асуудлыг өөрсдөө шийдэх уриан дор ажилдаа орж байна. Манай холбооны VII Их хурлын уриа SDY calling you буюу “СДМЗХ таныг дуудаж байна“ гэдэг уриатай. Энэ бол бид таны оролцоог, өөрийгөө болон нийгмийг өөрчлөхөд гар бие оролцохыг уриалан дуудаж буй хэлбэр. Тиймээс залуучууд та бүхнийг энэ бүхэнд хамт байхыг уриалж байна. Манай холбоо бүгдэд үүд хаалга нээлттэй, залуучууд та хэн ч бай бид хамтарч ажиллахад бэлэн гэдгээ энэ ташрамд хэлье” гэлээ.