АНУ-ын дэд Ерөнхийлөгч Камала Харрис мягмар гаргийн орой Ерөнхийлөгч асан Дональд Трамптай мэтгэлцсэнээс хойших 24 цагийн хугацаанд 47 сая ам.долларын хандив цуглуулсан тухай К.Харрисын сонгуулийн штабын төлөөлөгч CNBC телевизэд мэдээлжээ.
Долоодугаар сард Ерөнхийлөгч Жо Байден өрсөлдөөнөөс гарч, К.Харрисыг нэр дэвшүүлэхийг дэмжсэнээс хойш эрчимтэй өрнөж буй хандив босгох ажиллагаанд дээрх хэмжээний мөнгө томоохон түлхэц болж байна. 47 сая долларыг 600 мянга орчим хандивлагчаас ирүүлжээ.
К.Харрисыг Филадельфи хотноо ABC телевизийн зохион байгуулсан мэтгэлцээнд ялсан гэж олон нийт үзэж байна. Ардчилсан нам, Бүгд найрамдах намын стратегичид болон албан тушаалтнууд “Д.Трамп мэтгэлцээний үеэр бухимдаж байсан” гэдэгтэй санал нэгджээ.
К.Харрисын штабт цугларсан хандивын талаарх шинэ мэдээлэл нь хандив босгох өрсөлдөөнд хоцорсоор буй Д.Трампын кампанит ажилд бас нэг цохилт болж байна. Саяхан К.Харрисын штаб наймдугаар сард 361 сая долларын хандив цуглуулснаа зарласан нь Д.Трампын багийнхны тухайн сард цуглуулснаас /130 сая доллар/ хоёр дахин их байв.
АНУ-ын дэд Ерөнхийлөгч ганцхан хоногийн дотор 47 сая долларын хандив цуглуулсан талаар “New York Times” сонин хамгийн түрүүнд мэдээлжээ гэж МОНЦАМЭ мэдээллээ.