УИХ-ын 2024 оны сонгуульд нийт сонгогчдын 1 хувиас дээш санал авсан есөн нам Улс төрийн намын тухай хуулиар төсвөөс санхүүжилт авах эрхтэй болжээ. Үүнд:
-МАН 35 хувь
-АН 30.1 хувь
-ХҮН нам 10.4 хувь
Үндэсний эвсэл 5.2 хувь
-ИЗНН 5 хувь
-Шинэ нэгдсэн эвсэл 4.8 хувь
-Үнэн ба зөв нам 2.8 хувь
-Иргэний хөдөлгөөний нам 1.4 хувь
-Бүгд найрамдах нам 1.3 хувийн саналыг тус тус авсан.
Гэхдээ 1 хувийн босго гэдэг чинь хэтэрхий бага шүү дээ. Ядаж 10 хувиас дээш санал авсан намд улсын төсвөөс санхүүжилт өгөх нь зүйд нийцнэ. Төсвийн мөнгө бол татвар төлөгчдийн мөнгө. Гэтэл баялаг бүтээдэггүй, сонгууль болохоор нь амилж “шантааж”хийж бүтэх, бүтэхгүй амлалт авдаг, олон түмний санаа бодлыг төөрөгдүүлэх ажиллагаа зохион байгуулдаг, бүтэц зохион байгуулалт, хүний нөөцийн хувьд бэхжээгүй, бодлого, хөтөлбөр нь тодорхойгүй, албан ёсны байргүй наманцаруудыг эрхлүүлэх шаардлагатай гэж үү?
Мөн 5 хувийн санал авсан нам УИХ-д 4 суудалтай болж байгааг эргэн харах цаг болсон. Нийт сонгогчдын тоо 2.200.000 гаруй. Үүнээс ердөө 70 мянган хүний саналтай намаас дөрвөн хүн УИХ-д ороод ирж байгаа юм. Босго нь ийм л дэндүү намхан байна. Ядаж 10-аас дээш хувийн дэмжлэг авсан нам төрийн эрх барих дээд байгууллагад төлөөллөө оруулах эрхтэй болгох хэрэгтэй. Монгол Улс бол парламентын засаглалтай орон. Төрийн эрх барих дээд байгууллагын шалгуур нь өндөр байх ёстой. Хэн дуртай нь орж болдог босго намхан газар юм уу? Монгол Улсын хөгжлийн бодлогыг тодорхойлдог, хууль тогтоох эрх мэдлийг хэрэгжүүлдэг хамгийн том институци бол суралцах гэж биш бэлтгэгдсэн хүмүүсийн л орон зай байх учиртай биз дээ, уг нь?! Монголд нам биш баялаг бүтээгчид, хийрхсэн улстөрчид бус хийж бүтээдэг хүмүүс хэрэгтэй.
Д.Лхагва