АН-аас УИХ-д нэр дэвшсэн хэдэн хүн өчигдөр мэдээлэл хийж “МАН шударга өрсөлдөж чадахгүй, хар пиар хийгээд байна” гэж гомдоллоо. Бас “Ерөнхийлөгч ховолсон” гэж цэцэрлэгийн хүүхэд аятай эрхлэв. Үнэндээ өөрсдөө эрүүлээр өрсөлдөж байгаа гэвэл үгүй шүү дээ.
Бүхэл бүтэн тролл баг ажиллуулж байгааг нь сонгогчид мэднэ. Бас эрх баригчдын хийж бүтээсэн гэрэл гэгээтэй бүхнийг харлуулж, нулимж байгаа нь хар пиар биш гэж үү?
Хасах руу ороод байсан эдийн засгийг Л.Оюун-Эрдэнийн Засгийн газрын оновчтой шийдвэр, УИХ-ын дэмжлэг өөрчилж чадлаа. Aвлигатай нам харгалзахгүй тэмцсэний үр дүнд олон жилийн луйвар, булхай ил болов.
Энэ талаар УИХ-ын дарга Г.Занданшатар “Эдийн засгаа сэргээх шат дараалсан арга хэмжээ, Баялгийн реформ хийж, далд эдийн засгийг ил болгосон, системийн авлигатай хийсэн тэмцлийн үр дүнд 2016 онд дөнгөж 1.2 хувьтай байсан эдийн засгийн өсөлт 7.0 хувьд хүрлээ. Нэг хүнд ногдох ДНБ 2016 онд 3681 ам доллар байсан бол 2023 оны эцэст 5875 ам. доллар боллоо. 13.5 их наяд төгрөгийн гадаад өрийг төлж, Монгол Улсаа дампуурах эрсдэлээс гаргалаа. Төрийн албан хаагчийн цалин 2016 онтой харьцуулахад 3 дахин нэмэгдэж, тэтгэврийн доод хэмжээг нэмснээр дундаж тэтгэвэр 785.000 төг болов” гэж тодотгосон нь хий хоосон магтаал биш бодит үр дүн.
АН дотроо учраа ололцохгүй хөлөө жийлцэж, бие биенийхээ эсрэг хар пиар хийж байгааг ч сонгогчид хар мэдэрч байгаа. Хэдэн бүлэглэлд хуваагдаж, зарим нь хилийн чинадаас агсам тавьж буйг нууж, ардчилал хэмээн хайцаалж байна. Одоо бүх бурууг МАН руу чихэж суугаа нь бүдүүлэг, арга ядсан улс төр юм даа.
Д.Лхагва