АН нэр дэвшигчдээ ширүүхэн “зодоон” дунд тодруулжээ. Ямартай ч жагсаалт болон тойрогт нэр дэвших хүмүүсийнхээ нэрийг 2024 оны 5 дугаар сарын 20-ны 00 цагаас өмнө амжиж баталсан байна.
Тойрогт хууччуудаас гэвэл С.Эрдэнэ, Р.Амаржаргал, Д.Эрдэнэбат, С.Баярцогт, бас сонгуулийн өмнө төрхөмдөө буцсан Ж.Батзандан нарын нэр харагдана лээ. Р.Амаржаргалыг эс тооцвол авлига албан тушаалын хэргээр шүүхээс ял сонсож байсан, шалгагдаж байсан хүмүүсээ нэр дэвшүүлэхээс татгалзсангүй. Тэр хүмүүсийг мөнгөтэй, бас нөлөөтэй байна гэхээс биш яахав.
Бас Ерөнхийлөгч асан Х.Баттулга Булган, Хөвсгөл, Орхон аймагт өрсөлдөх мандатаа төвөггүй авчээ. Женко уг нь нэр дэвшихгүй гэж байсан ч энэ удаад бодлоосоо ухарсан бололтой. Тэрбээр АН-д хүчтэй байгаагаа харуулж өөрийнхөө талын хүмүүсээс хэд хэдийг нь жагсаалтад болон тойрогт оруулж чаджээ. Тухайлбал, сэтгүүлч Л.Мөнхбаясгалан маргаангүйгээр говийн аймгуудад нэр дэвшихээр боллоо. Мөн П.Галиндивт СХД-т “зодоглох” эрх авч өгөв.
Ц.Элбэгдорж хэдийгээр улстөрөөс хол байгаагаа зарласан ч түүний хүмүүс /элийрэгч хэмээх Ц.Уянга нэмэгдсэн/ жагсаалт болон тойрогт олноороо орж ирсэн байна.
Залуучуудаас гэвэл хөтлөгч Ч.Лодойсамбуу, комедиан Н.Амаржин нарт ямар ч байсан тойрог өгсөн бололтой юм. АН уг нь мэдлэг боловсролтой залуусыг илүү дэмжиж гаргаж ирнэ гэж байсан ч нэр дэвшигчдийн бүрэлдэхүүнээс харвал тэр зорилго нь яриа, тунхаг төдий байсан бололтой.
Ер нь одоогийн УИХ-ын гишүүд нь бараг бүгдээрээ дахин горилохоор болжээ. Хуучин гэмээр улстөрч О.Баасанхүү, Р.Эрдэнэбүрэн нарт тойрог олдсоныг бодоход боловсон хүчний чадавхи тус намд ямар түвшинд байгааг төвөггүй харж болох мэт.
“Ажнай” Д.Бат-Эрдэнийн хувьд нүүрсний хэрэгт шалгагдаж байгаа учир энэ удаад өнжихөөр шийдсэн бололтой юм. Харин өөрийнхөө гарын хүн Өмнөговь аймгийн Засаг ноён Р.Сэддоржийг нутагтаа өрсөлдүүлэхээр шийдэж санасандаа хүрчээ. Гэхдээ эрхэм шавь нь мөн л нүүрсний хэрэгт нэр нь цоллогдоод авсан.
Тус намын хувьд нэр дэвших үйл явц нэгэнт дууссан. Одоо горилж яваад жийгдсэн гомдогсдын ширүүн хэл ам хүлээж байна.
Д.Лхагвадорж