Баруун бүсийн “Шинэ хоршоо” хөдөлгөөний нээлт өнөөдөр Ховд аймгийн төв Ховд хотод эхэллээ. Баян-Өлгий, Говь-Алтай, Завхан, Ховд, Увс таван аймгийг нэгтгэсэн баруун бүсийн “Шинэ хоршоо” хөдөлгөөний нээлтэд 1200 гаруй малчин, хоршооны төлөөлөл хүрэлцэн иржээ.
Баруун бүсийн зөвлөлийн дарга, Ховд аймгийн Засаг дарга Э.Болормаа “Шинэ хоршоо” хөдөлгөөнийг нээж, “Дэлхий дахины уур амьсгалын өөрчлөлт, өнгөрсөн өвлийн зудын хүнд нөхцөлийг даван туулсантай холбогдуулан Засгийн газар УИХ-аар хууль батлуулж, “Шинэ хоршоо” хөдөлгөөнийг өрнүүлж байна. Өнөөдөр Ховд аймагт 160 гаруй хоршоо идэвхтэй үйл ажиллагаа явуулж байна. Ховд аймгийн Мөст сумын “Алтайн Оргил” хоршоо өнгөрсөн онд өндөр борлуулалтай ажиллаж, нэг удаагийн ногдол ашиг зургаан сая төгрөгийг тараасан байна. Малчид, тариаланчид, хоршоологчид бол баялаг бүтээгчид” хэмээв.
Дараа нь “Шинэ хоршоо” хөдөлгөөн болон гурил, тэжээлийн үнийн хөөсийг буулгах шийдлийн санаачлагч, Монгол Улсын сайд, ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалан танилцуулга хийлээ. Тэрээр “Засгийн газар бүс нутагт нь очиж, “Шинэ хоршоо” хөдөлгөөний талаар мэдээлэл хүргүүлж байна. Мал аж ахуйн салбарт томоохон бодлогын дэмжлэг үзүүлэхгүйгээр газар нутгаа эзэнтэй байлгах бодлогыг хэрэгжүүлж чадахгүй юм байна гэсэн судалгаа гарсан. Өнгөрсөн оны 11 дүгээр сараас эхлээд газар нутгийн 90 хувь нь цасанд хучигдсан. Олон улсын байгууллага, ОБЕГ энэ цас зудын хүндрэлээр 20 сая гаруй толгой мал алдах эрсдэлийн судалгаа хийсэн. Үүнтэй холбогдуулан малчид өвс, тэжээлээ бэлтгэж, Засгийн газар улсын нөөцийн бэлтгэлээ хангасан. Цас, зуданд зам нь хаагдсан нутагт малчдад улсын нөөцөөс өвс, тэжээл хүргэж өгч үйлчилсэн. Өнөөдрийн байдлаар 7.4 сая мал хорогдож, 5000 орчим малчин малынхаа 70-аас дээш хувийг алдсан байна. Тиймээс Засгийн газар УИХ-аас Уламжлалт мал аж ахуйд тулгамдаж байгаа уур амьсгалын өөрчлөлтөөс шалтгаалсан сөрөг нөлөөллийг бууруулах тухай хуулийг батлуулж, “Шинэ хоршоо” хөдөлгөөнийг өрнүүллээ.
30 жилийн өмнө мал аж ахуйн салбар Монгол Улсын эдийн засгийг дааж ирж байлаа. Гэтэл 30 жилийн дараа ДНБ-ий 10 хувийн нөлөөтэй байна. Мал маллах маш эрсдэлтэй бизнес болжээ. Өнөөдөр Улаанбаатар хотод такси барьж байгаа хүн бизнес хийж байна. Нарийн боовны цех эрхэлж байгаа хүн бизнес хийж байна. Тэгвэл мал маллаж байгаа хүн бизнесмэн. Гэхдээ энэ маш эрсдэлтэй бизнес. Арилжааны банкнаас авч байгаа малчдын зээл амьжиргаагаа тэтгэх зээл биш. Зээлээс зээлийн хооронд банкны малыг маллаж байна гэсэн үг.
Өнгөрсөн сард Засгийн газраас томилогдсон сайд нар газар дээр нь очиж ажиллаж, байгалийн уур амьсгалын сөрөг нөлөөллийг хэрхэн даван туулж, цаашид хэрхэх талаар малчдын саналыг сонссон. Малчид малаа маллахаа больж, төв суурин газар бараадах сонголт хийж байгааг малчид хэлж байна. Тиймээс малчдын энэ түгжрэлийн тойргийг арилгах хэрэгтэй.
Нөгөө талаар нэг малаас авах ашиг бага байна. Засгийн газраас малын мах, түүхий эд боловсруулах үйлдвэр, худалдан борлуулах цэг, малын тэжээл тарих газартай байх хэрэгтэй гэж үзэж байна. Учир нь зүүн аймгийн өвс, тэжээл баруун аймгийн малд шим тэжээл болдоггүй гэж малчид хэлж байгаа юм. Малын түүхий эд агуулах зоорьтой болгохыг малчид санал болгосон. Эдгээр асуудлыг шийдвэрлэхийн тулд “Шинэ хоршоо” хөдөлгөөнийг өрнүүлэн хэрэгжүүлж байна” гэлээ. Засгийн газраас малаа их хэмжээгээр алдсан малчдад зориулж таван жилийн хугацаатай, найман сая төгрөгийн санхүүжилттэй Малжуулах хөтөлбөр хэрэгжүүлнэ.
Мөн малчдын арилжааны банкнаас авсан зээлийг нэг жилээр хойшлуулах хүсэлтийг гаргасан. Хуримтлагдах хүүгийн 75 хувийг төр даана.
Сонгуультай холбоотой улстөрчдөөс малчдын зээлийг тэглэх санал гаргасан. Гэвч өнөөдөр малчдын зээлийг тэглэснээр маргааш тухайн малчин юу хийх вэ. Багш, эмч, оюутнуудын зээлийг яах вэ. Цаашлаад талхны үнэ 10 мянган төгрөг болох эрсдэл хүлээж байгаа юм. Тиймээс бид ирээдүйгээ эрсдэлд оруулахгүй байхаар шийдсэн. Харин малчдадаа өнөөдрийн өөх биш маргаашийн уушгийг өгөх “Шинэ хоршоо” хөдөлгөөнийг хэрэгжүүлж байна” гэлээ.
“Шинэ хоршоо” хөдөлгөөнөөр малчдад 3-5 жилийн хугацаатай, жилийн зургаан хувийн хүүтэй, 50 хүртэлх сая төгрөгийн хөрөнгө оруулалтын зээл олгоно. Ингэснээр “Малчдад шинэ хандлага, шинэ сэтгэлгээ бий болно. Шинэ цагийн бизнесмэн малчид болно. Тийм учраас “Шинэ хоршоо” хөдөлгөөнөө “Дэм дэмэндээ, дээс эрчиндээ” уриатайгаар эхлүүлж байна” гэж Монгол Улсын сайд Д.Амарбаясгалан онцолсон юм.