АН-ын гишүүн Ц.Сүхбаатар хэвлэлд өгсөн ярилцлагадаа “Би шууд хэлье. Хэрэв энэ удаагийн сонгуульд МАН дахин үнэмлэхүй ялалт байгуулбал 2008 оны долдугаар сарын 1-ний үйл явдал давтагдана. Ямар ч тохиолдолд МАН 30-аас дээш хувийн санал авах боломжгүй” хэмээн заналхийлжээ. Энэ хүн бол Онц бөгөөд бүрэн эрхт Элчин сайд байсан дипломатч хүн. Гэтэл нийгмийг эмх замбараагүй байдалд уриалан дуудсан зүйл яриад сууж байгааг нь зөвтгөх арга алга.
Ямар нам ялахыг одоогоор хэн ч мэдэхгүй. Гэтэл АН-ынхан “МАН 30-аас дээш хувийн санал авах боломжгүй” гэж хүчээр тулгаж байгааг яаж ойлгох вэ? Судалгааны үр дүн байна уу? Эсвэл өөрсдөө ялагдахаа мэдрээд эртнээс нийгмийн сэтгэлзүйг бэлдэж байна уу?
МАН-ын хувьд харьцангуй эв нэгдэлтэйгээр сонгуульд орох гэж байх шиг байна. Болж бүтэхгүй улсуудаасаа ерөнхийдөө салчихлаа. Цаашид төрийн зүгээс авч хэрэгжүүлэх стратеги, бодлогоо ч тодорхой болгосон байна. Харин АН дотоод асуудлаа шийдэж чадахгүй байгаа нь үнэн шүү дээ. Ц.Элбэгдорж, Х.Баттулга хоёрын тулаан энэ нам дотор одоо ч сүүдрээ унагасаар байгааг бүгд л анзааран харж байна. Нам доторх бүлэглэлүүүдийнх нь зөрчил үе үе хүчтэйхэн илэрсээр л байна.
АН-ын байр суурьтай залуус “Л.Гантөмөрийг огцруулая. Хилийн хоригт оруулая” гэж одоо ч шаардсаар байгаа. Ийм улстөрийн хүчин сонгуульд олонх болох шинж төлөв байна гэж үү? Тэгээд ч ардчилал бол анархизм биш. Энэ утгаараа Ардчилсан Нам нийгмийг бусармаг үйлдэлд уриалж хэрхэвч таарахгүй. Хэрэв тэгвэл ардчиллын үнэт зүйл, зарчмыг уландаа гишгэсэн балмад үйлдэл болно!
7 дугаар сарын 1-ний тэр хар дарсан зүүд шиг аймшигт өдөр ардчилсан Монголын түүхэнд дахин хэзээ ч давтагдах ёсгүй! Цөөхөн монголчуудад эв нэгдлээс эрхэм зүйл үгүй. Эрх мэдэлд улайрсан тэмцлээс болж тусгаар тогтнолдоо цөв суулгах адал балмад үг, үйлдэл ямар ч улстөрийн хүчнээс, ямар ч улстөрчөөс гарах ёсгүй!
Д.Лхагва