АН-ын гишүүн “Элийрэгч” хэмээх Ц.Уянга хэвлэлд ярилцлага өгчээ. Тэрбээр Х.Баттулгыг Л.Оюун-Эрдэнэтэй холбоод зай чөлөөгүй балбаж. Тухайлбал: “Л.Оюун-Эрдэнэ, Х.Баттулга, “Херо” Б.Баатар гэдэг хүмүүсийн гурвал хэзээ ч салахгүй нь ойлгомжтой. Бусад нь зүгээр л дагавар бүтээгдэхүүн. Энэ хүмүүсийн л улстөр явж байгаа. Энэ хүмүүсийн улстөрийн гол дэмжлэг, ар тал нь гадны буюу Оросын нөлөөлөл байгаа. Тэгж үздэг. Түүнийгээ ч илэрхийлдэг. Улаан цайм Оросыг л дагах ёстой, Орос л бидний аврал, бараг л Оросын эрхшээлд орсон ч яах вэ гэдэг хүмүүс. Түүнийгээ түүхийн, ахан дүүсийн гэх мэт асуудлуудтай хольж ярьдаг. Сүүлийн үед дэлхий нийтийн нөхцөл ч өөрчлөгдлөө. Орос Улс ч ардчилсан нэртэй боловч нэг хүний хяналтанд орчихлоо шүү дээ. Бүх шийдвэрийг В.Путин гэж хүн гаргадаг.Бидний хувьд Украиныг хамгаалаад байгаа юм биш, Монгол, Украин хоёр улсын статус яг ижилхэн. Украиныг ингэж чадаж байгаа юм чинь бидний халдашгүй дархан статус ямар ч баталгаагүй болчихлоо. Тийм учраас хамгаалалтын балансыг хаанаас олох вэ? гэдэг асуудлыг л ярьж байгаа юм. Оюутолгой болон бусад төслүүдээ манай улс хэтэрхий пи ар хийж эхэлсэн. Ингээд гэнэт биднийг буцаж анхаараад, бидэнтэй бидэнгүй хөгжих нь, манай хяналтанд байх ёстой, нөлөөний бүсэд дураараа орж ирлээ гэдэг байдлаар Х.Баттулгыг маллаж гаргаж ирээд, хамаг юмыг бужигнуулж хаясан. Ардчиллыг бага ч гэсэн мэдэрч байсан, хөгжүүлж байсан үед ил цагаан дайрч орж ирсэн. Төмөр зам ч барьж болохгүй, эрчим хүчний ажил ч хийлгэхгүй, шатахуунаараа ч хараат байлгалаа. “Петровис”-ийн Ж.Оюунгэрэл гэдэг хүн амьд байхдаа нефть боловсруулах үйлдвэр байгуулна гэхэд нь “Женко” яаж дайрлаа. Бараг л “Петровис”-ийг булааж авах дээрээ тулж байж тэр төслийг нураасан. Сүүлийн 10 жилийн турш үндсэрхэг нэртэй фашист шахуу хүмүүс хэвлэлийн хурал хийгээд л , Х.Баттулгын бараг ивээлд шахуу хажууд нь гарч ирээд, нийгэм тэр аяараа чи хужаа гээд л байдаг болсон” гэгчлэн дайрчээ.
АН дотор Х.Баттулгыг үзэн яддаг, хөөж зайлуулахын түүс болсон хүмүүс маш олон байгаагийн нэгэн нотолгоо нь Ц.Уянгын ярилцлага боллоо. Гэтэл өнөөх нь АН-аас зайлах нь бүү хэл бул хар чулуу шиг хөндөлсөөд хэвтчихсэн байдаг. Орон зай нь тус намд шаггүй өргөн хүрээтэй байгаа болохоор Ц.Элбэгдорж нартай тэрсэлдсээр л байна. Ц.Уянгын ярьж байгаагаар Х.Баттулгын улстөрийн байр суурь нь АН-ынхаас тэс өөр аж. Энэ утгаар нь харвал Х.Баттулга тэргүүтэн АН-ын шийдвэр гаргах эрх мэдэлд очсон тохиолдолд огт өөр үзэл санаа, чиг баримжаанд тулгуурласан бодлого явуулах байх. Элийрэгч тэргүүтэн ингэж л харж, бас хардаад байна.
АН-ын дарга Л.Гантөмөрийн хувьд “Х.Баттулга бид хэд маш эв нэгдэлтэй байгаа” гэж яриад байгаа. Тэгвэл АН Х.Баттулгын үзэл бодлыг хүлээн зөвшөөрсөн болж таарсан гэсэн үг. АН-ын үзэл санааг яг одоо тодорхойлох гэж оролдвол ямар дүр зураг харагдах бол? Х.Баттулгынх бол ойлгомжтой.
Д.Лхагвадорж