Автобус дүүрэн хүн. Ихэнх суудлыг дунд сургуулийн сурагчид болон оюутнууд эзэлжээ. 60 хувь нь охидууд. Махлагдуу настай эмэгтэй “Хөл өвдөөд зогсож явж чадахгүй юм. Энэ хүүхдүүд босч өгөхгүй нь ээ” гэж аргаа барсан янзтай өгүүлэв. Нөгөө охидын хэн нь ч босч өгсөнгүй. Би аргаа бараад “Наад настай хүндээ босоод өгөөч. Та нар залуу хүмүүс биз дээ?” гэвэл нэг нь муухай харснаа “Чадахгүй. Би мөнгөө төлөөд явж байна” гэв. Ийм хүнтэй юу ярих вэ?
Ахмад хүн олон буудал газар зогсож явж чадахгүй. Энэ утгаараа хүүхэд, залуус мөнгөө төлсөн, төлөөгүй нь хамаагүй шүү дээ. Хүн чанаргүй, бусдыг хүндлэх сэтгэлгүй хойч үе олноороо төрөн гарч байгаа нь харамсалтай.
Хамгийн гол нь ирээдүйд эх болох охид, бүсгүйчүүд эмээ шигээ, ээж шигээ, аав шигээ, өвөө шигээ хүмүүсийг огтоос өрөвдөхгүй болсон нь эмгэнэлтэй.
Үүнээс гадна хөвгүүдийн буруу үйлдэлтэй эвлэрэхгүй байх учиртай хүмүүс бол охид, эмэгтэйчүүд. Гэтэл хүмүүжилгүй банди нартай нийлж архи, тамхи, бүр мансууруулах бодис хэрэглэж байна! Хүүхдийн тоглоомын талбай дээр ирчихээд эрэгтэй хүүхдүүдтэй хүч хавсарч жаахан хүүхдийн тоглоомыг эвдлэн сүйтгэж байна! Нэгнийгээ гадуурхан дарамталж сэтгэлзүйн хүнд дарамтанд оруулж байна!
Д.Дорж