Монгол Ардын Нам ирэх дөрвөн жилд хөгжлийн бодлогыг хэрэгжүүлэхдээ хүний эрхийг дээдлэн, иргэн хүндээ ээлтэй, хувь хүн бүрт сонголтыг бий болгох замаар сурах, хөдөлмөрлөх, ая тухтай амьдрах боломжийг баталгаажуулан, хот хөдөөгийн ялгаатай байдлыг бууруулан, амьдралын чанарыг бодитой дээшлүүлж, иргэдийн оролцоотой хяналтаар төрийн ил тод байдлыг сайжруулах, авлигагүй, шударга, эрх зүйт төрийг бэхжүүлэн, төр-хувийн хэвшлийн хамтын ажиллагааг эрхэмлэсэн эдийн засгийн тогтолцоог бүрдүүлэх “ШИНЭ СЭРГЭЛТИЙН БОДЛОГО-БҮСЧИЛСЭН ХӨГЖЛИЙН РЕФОРМ” мөрийн хөтөлбөрийг боловсруулж, 2024 оны УИХ-ын сонгуульд оролцох хүсэлтээ Сонгуулийн төв байгууллагад хүргүүллээ.
Энэ үеэр МАН-ын дарга, Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ “СЕХ-ноос авсан мэдээллээр энэ удаагийн сонгуульд Монгол Улсын түүхэнд хамгийн олон нам, эвсэл оролцож байна. Ард түмэндээ хандаж бүсчилсэн байдлаар шинэ 30 жилийнхээ анхны сонгуульд илүү идэвхтэй оролцоорой гэж уриалж байна. Сонгууль бүр онцлогтой. Сонголт өөрөө түүхэн ул мөрийг аливаа улс орны түүхэнд үлдээдэг. Үүгээрээ ч ард түмний сонголт онцлогтой. Энэ удаагийн сонгууль 2 зүйлээрээ өхмнөх сонгуулиудаас ялгаатай байна. Нэгдүгээрт, Олон улсын нөхцөл байдлын хувьд цар талхын дараах, мөн дайны үеийн сонгууль. Дэлхийн 60 гаруй улс 2024 онд сонгууль хийж байна. Чөлөөт ардчилсан сонгуульд хүн төрөлхтний 50 орчим хувь нь сонголтоо хийнэ. 2024 оны эцэс гэхэд дэлхийн хүчний харилцаанд том өөрчлөлт орж, шинэ хандлага давамгайлна гэж олон улс судлаачид үзэж байна. Дэлхийн улс орнуудын хувьд маш хариуцлагатай сонголт. Өргөн уудам газар нутагтай дэлхийн хоёр том хөршийн дунд оршдог парламентын засаглалтай манай улсын хувьд илүү хариуцлагатай, тусгаар тогтнол, ардчилсан парламентын засаглалаа илүү бэхжүүлэх агуулгатай сонгууль болно. Мөн олон жил хуримтлагдсан баялгийн тэгш бус хувиарлалт, үүнээс болж баялаг нь хараал болж хувирсан, эдийн засгийн сөлгөө бүтэцтэй болсон, хэт цөөнхөд эд хөрөнгө, эрх мэдэл төвлөрсөн, үүнээс шалтгаалж ардчилсан үнэлэмж унасан байгааг шударга ёсны тэмцлээ үргэлжлүүлэн засаж чадах уу, үгүй юу? гэдэг сонголт болно. Нам хоорондын сонгууль гэхээсээ илүү ард түмэн ялах уу, авлигачин бүлэглэл ялах уу гэдэг сонголтын өмнө авч ирж байгаагаараа туйлын хариуцлагатай сонголт байх болно” гэлээ.