МАХН-ын дарга асан Н.Энхбаяр сэтгүүлчдийн асуултад хариулах үеэрээ “…Сүүлд Ц.Элбэгдорж онгоцны буудал дээр тааралдаад надаас уучлалт гуйсан юм. Ингэхдээ “Ц.Нямдорж өдөр бүр миний өрөөнд орж ирээд энэ хүнийг л баривчлахгүй бол болохгүй гэж хэлж байсан” гэсэн. Ц.Элбэгдорж уучлалт гуйж байгаа нь зөв ч нөгөө талаар хууль, шүүхийн байгууллагыг удирдаж, Ц.Нямдорж түүнд оролцож байсан нь батлагдаж байгаа юм” хэмээн ярьсан байдаг.
2010 онд хуралдсан МАХН-ын 26 дугаар Их хурлаас тус нам Монгол Ардын Нам хэмээх уугуул нэрээ сэргээсэн билээ. Гэхдээ энэхүү улстөрийн шийдвэр экс Ерөнхийлөгч Н.Энхбаярт таалагдаагүй юм. Тэр ч утгаараа МАХН гэдэг нэрээ авч үлдэж, улмаар Улсын дээд шүүхээр баталгаажуулж дөнгөсөн билээ. Тухайн үед зарим хэвлэл “Ц.Элбэгдоржийн дэмжлэгтэйгээр Н.Энхбаяр намаа бүртгүүлж чадлаа” гэж бичиж байлаа. Н.Энхбаярт сайндаа бус МАН-ыг хагалах, хүчийг нь сулруулах зорилгоор Ц.Элбэгдорж ийм алхам хийсэн мэтээр тайлбарлагдаад өнгөрсөн.
Үнэндээ Н.Энхбаяр МАН-аас “хана, туургаа” авч явсан мөчөөсөө хойш улстөр хөдөлгөөнд орж, түүний байр суурь цар хүрээгээ тэлэх хандлагатай болсон юм. Хэдийгээр 2009 оны Ерөнхийлөгчийн сонгуульд Ц.Элбэгдоржид ялагдсан ч нэр нөлөө, зангараг, эрч хүч нь хэвээр байлаа. Дээр нь гомдол, бас уур бухимдал нь ид оргилж байв. Ерөнхийлөгчийн сонгуульд С.Баяр нь Ц.Элбэгдоржтой хавсайдаад унагачихлаа гэж ойлгосон хүний сэтгэл санаа ямар байх нь ойлгомжтой.
Энэ утгаараа Н.Энхбаяр улстөрөөс чимээгүйхэн яваад өгөхийг хүсээгүй бөгөөд МАХН-ын байр суурийг хуучин түвшинд нь хүргэхээр шулуудсан нь анзаарагдаж байсан. Тухайн үед мань эр Төрийн ордонд өрөөтэй болж МАН-ын гишүүдийг татан, УИХ-д суудалдаа болох тун дөхлөө. Улмаар 2013 оны Ерөнхийлөгчийн сонгуульд даагаа нэхэхээр тооцоолсон. Гэвч түүний санаархал маш том эрх ашигтай зөрчилдсөн. Дараа нь юу болсныг ард түмэн мэдэж байгаа. Юутай ч Н.Энхбаярын ярьж байгаагаар бол Ц.Элбэгдорж нар түүнийг замаасаа бүү хэл улстөрөөс үлдэн хөөхийн тулд хэлмэгдүүлсэн болж таарлаа.
Д.Лхагва