АН-ын дарга Л.Гантөмөрийг эсэргүүцдэг хүмүүс тус намд хэд хэд бий. Тэдний нэг бол А.Цэрэнбат. Тэрбээр сая хэвлэлд өгсөн ярилцлагадаа намынхаа даргыг мөн л балбаж.
А.Цэрэнбат “Л.Оюун-Эрдэнэ Л.Гантөмөртэй хамтарна гээд байх шиг байна лээ. Нөгөө хамтрах хүн нь өөрийг нь ч муулаад, намыг нь ч муулаад… Улстөрд хэзээ ч хамтрал гэж байдаггүй. Тэр тусмаа МАН бол ганц Л.Оюун-Эрдэнэ биш, бие даасан институци. 100 жил Монголыг удирдаж явсан систем. Монголчууд байгуулаагүй, Оросууд байгуулж өгсөн шүү дээ. Энэ систем сонгуульд ялах гэж байна. Тэр нь тодорхой боллоо. Тэр ажлаа л эхэлж байна. МАН-ын дарга улстөрийн пиарын ажлаа л хийж байна. Түүндээ АН-ын нөгөө л Ц.Элбэгдорж, нөгөө л Б.Хурцыг яриад… Энэ дотор нь маш олон худлаа мэдээлэл байгаа. Үүнийг сөрж, энэ худлаа шүү гээд АН, Л.Гантөмөр яагаад мэдэгдэл хийхгүй байгаа юм? Хөгжлийн банкны зээлийг бүлэглэл хувааж авсан гэж ярьж байгаа юм. Хөгжлийн банкны зээлийг УИХ-ын тогтоолоор өгдөг байсан. Харин 2017 оноос хойш удирдах зөвлөлд нь шилжүүлээд бүлэглэл хувааж авдаг болсон. Энэ худал хуурмаг бол зөвхөн эхлэл нь. 80 хоног АН-ыг балбаад дуусна. Үүний цаана зөндөө кинонууд бэлэн байгаа. Айхтар мөнгөтэй Засгийн газар шүү дээ. Энд АН ялагдах нь тодорхой. Энэ том хар пиарыг дийлэхгүй. Л.Гантөмөр шиг унтаа, эр зориггүй удирдагчтай ороод АН ялагдана гэдэг нь тодорхой. МАН 70-80 суудал, АН 20 суудал, ХҮН нам бүлэгтэй болох байх гэж ордонд ярьж байна. Тийм учраас ХҮН намтай л эвсэнэ. АН-тай эвсэхгүй шүү дээ. АН-ыг дуусгахыг л хүснэ. Л.Оюун-Эрдэнэ гэдэг улстөрч улстөрчийнхөө ажлыг л хийж байна. Дайснаа муулах гэхээсээ үнэлэх хэрэгтэй. Л.Оюун-Эрдэнэ, түүний систем их хүчтэй. Үүнийг бид дутуу үнэлээд байгаа юм” гэж ярьсан нь АН-ын даргын нэр хүндэд тийм ч таатай нөлөө үзүүлэхгүй л болов уу. АН-ын даргын нэр хүнд муу байх нь намын рейтингэд сөргөөр нөлөөлөх нь дамжиггүй. А.Цэрэнбатын ярьж байгаагаар бол Л.Гантөмөр зүгээр л МАН-тай эвсэж хамтарсан Засгийн газар байгуулах гээд байгаа бололтой.
“Эсэргүү” А.Цэрэнбат мөн “АН найман жил гудамжинд байлаа, одоо хавар болж байгаа шиг АН төрд орж ирнэ гэдэг бол зүүд зэрэглээ шүү дээ. Улстөрд тийм юм байхгүй. Өнгөрсөн найман жил дахиад 80 жил ч явж болно. Яагаад гэвэл МАН 100 жил удирдчихсан. Хэрэв иргэд нь бослого гаргадаг байсан бол Венесуэль, Куба, Хойд Солонгост яагаад иргэд нь төрийн эрхээ авахгүй байгаа юм. Ядуурах тусмаа, өмч хөрөнгөгүй болох тусмаа оюун санааны эрх чөлөө байхгүй болдог. Жам ёсны буюу дулаан байр, машин, хоолтой байх эрх чөлөө хангагдсаны дараа эрх чөлөө буюу оюун санааны эрх чөлөө гарч ирдэг. Монголчуудын 50 хувь нь ядуу амьдарч байхад үүний төлөө байхгүй, эрх баригчдын талд байгаад, Л.Оюун-Эрдэнэтэй хамт гарч мэдэгдэл хийдэг намын дарга бол миний хувьд инээдэмтэй, эмгэнэлтэй, тэнэглэлтэй. Ийм л хүн гэж би Л.Гантөмөрийг хэлнэ” гэж ярьсан нь Л.Гантөмөр Л.Оюун-Эрдэнэтэй далдуур тохирсон гэдэг санааг илэрхийлээд байгаа юм.
Д.Лхагва