2019 оны 12 дугаар сарын 20-ны УИХ-ын чуулганы хуралдаанаар авлига, албан тушаалын гэмт хэрэгт шийтгүүлж байсан бол УИХ-ын сонгуульд нэр дэвшүүлэхгүй байх хуулийн төслийг баталсан. Гэхдээ нэр бүхий иргэн энэ асуудлаар Үндсэн хуулийн Цэцэд маргаан үүсгэж билээ. Тэгвэл Цэц асуудлыг авч хэлэлцээд “Монгол Улсын Их Хурлаас 2019 оны 12 дугаар сарын 20-ны өдөр баталсан Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.8 дахь хэсэгт “Авлига, албан тушаалын гэмт хэрэг үйлдсэн нь шүүхээр тогтоогдсон бол нэр дэвшихийг хориглоно.” гэж заасан нь Монгол Улсын Үндсэн хуулийн Нэгдүгээр зүйлийн 2 дахь хэсгийн “… шударга ёс, … тэгш байдал … хууль дээдлэх нь төрийн үйл ажиллагааны үндсэн зарчим мөн.”, Гуравдугаар зүйлийн 1 дэх хэсгийн “Монгол Улсад засгийн бүх эрх ард түмний мэдэлд байна. Монголын ард түмэн төрийн үйл хэрэгт шууд оролцож, мөн сонгож байгуулсан төрийн эрх барих төлөөлөгчдийн байгууллагаараа уламжлан энэхүү эрхээ эдэлнэ.”, Арван дөрөвдүгээр зүйлийн 1 дэх хэсгийн “Монгол Улсад хууль ёсоор оршин суугаа хүн бүр хууль, шүүхийн өмнө эрх тэгш байна.”, мөн зүйлийн 2 дахь хэсгийн “Хүнийг … эрхэлсэн ажил, албан тушаал, … үзэл бодол …-оор нь ялгаварлан гадуурхаж үл болно. “, Арван зургадугаар зүйлийн 9 дэх заалтын “шууд буюу төлөөлөгчдийн байгууллагаараа уламжлан төрийг удирдах хэрэгт оролцох эрхтэй. Төрийн байгууллагад сонгох, сонгогдох эрхтэй. …”, мөн зүйлийн 10 дахь заалтын “… Аль нэгэн нам, олон нийтийн бусад байгууллагад эвлэлдэн нэгдсэний төлөө болон гишүүний нь хувьд хүнийг ялгаварлан гадуурхах, хэлмэгдүүлэхийг хориглоно. …”, Арван есдүгээр зүйлийн 1 дэх хэсгийн “Төрөөс хүний эрх, эрх чөлөөг хангахуйц эдийн засаг, нийгэм, хууль зүйн болон бусад баталгааг бүрдүүлэх, хүний эрх, эрх чөлөөг зөрчихтэй тэмцэх, хөндөгдсөн эрхийг сэргээн эдлүүлэх үүргийг иргэнийхээ өмнө хариуцна.”, Хорин нэгдүгээр зүйлийн 3 дахь хэсгийн “Улсын Их Хурлын гишүүнээр Монгол Улсын хорин таван нас хүрсэн, сонгуулийн эрх бүхий иргэнийг сонгоно” гэж заасныг тус тус зөрчөөгүй байна” гэдэг дүгнэлт гаргасан.
Өөрөөр хэлбэл, авлига, албан тушаалын хэргээр ял шийтгүүлж байсан эрх мэдэлтнүүд УИХ-ын сонгуульд нэр дэвших эрхгүй гэдгийг Үндсэн хуулийн Цэц баталгаажуулсан гэсэн үг. Одооны улстөрийн үйл явц, нам, эвслийн явуулж буй бодлого, үйл ажиллагаанаас харвал авлигын хэргээр шүүхээс ял сонсч байсан, шалгагдаж байгаа нэлээд хэдэн улстөрч сонгуульд нэрээ дэвшүүлэх гээд гүйж явна. Тэд босгыг хэрхэн давах бол?
Д.Лхагва