АН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Э.Одбаяр “Санаа зоволтгүй. АН туйлын эв нэгдэлтэйгээр сонгуульд орох гэж байна” хэмээн мэдэгдсэн. Гэтэл яг ачир дээрээ байдал тийм биш байгаа юм. АН-ын гишүүн И.Цэрэнбат, Х.Алтанхуяг гэх мэтийн “эсэргүүнүүд” Л.Гантөмөрийн эсрэг хөдөлгөөн өрнүүлээд удаж байгаа. Тэд Дээд шүүх Л.Гантөмөрийг АН-ын даргаар бүртгэж авсан өдрөөс хойш л түүнийг хүлээн зөвшөөрөхгүйгээ илэрхийлж ирсэн гэхэд болно.
Бүр Боловсролын зээлийн сангийн зэрэг хэргүүдээр нь Л.Гантөмөрт хилийн хориг тавих ёстой гэж удаа дараа мэдэгдээд байгаа. Өмнөх баасан гарагт л гэхэд тэд дахин хэвлэлийн бага хурал зарлаж “АН сөрөг хүчний байр сууриа хадгалж чадахгүй байна. Л.Гантөмөр МАН-ын даргын суганы үс шиг л болсон. Л.Гантөмөр АН-ыг зараад дууслаа. Хэдий болтол ийм байдалтай явах юм бэ? АН-ын дэд дарга нар нь хамтарсан Засгийн Газарт орохыг л мөрөөдөж сууна. Нэгэнт ялагдах нь тодорхой юм бол Л.Гантөмөрийг огцруулаад, нэг оролдоод үзье л дээ. Сонгууль болоход 80 хоног дутуу байна. Энэ хугацаанд даргаа солиод шинээр ажиллаад үзье. АН бол Монголчуудын нам. Гэтэл АН-ын жагсаалт 8 тэрбум төгрөгөөр зарагдаж байгаа гэсэн. Иймээс нэр дэвших асуудлыг нээлттэй, ил тод болгох хэрэгтэй” гэгчлэн АН-ын дарга удирдлагууд руу ээлжит хатуу ширүүн үгээ чулуудсан.
Тэд чухам юу хүсээд байна. Хэний ашиг сонирхолоор Л.Гантөмөрийг унагаах гэж улайраад байна вэ? Эсвэл эдгээр залууст АН-д олигтой орон зай олдохгүй байгаа учраас шантааж хийгээд байна уу? Нөгөө өнцгөөс нь харвал Л.Гантөмөрт үнэхээр асуудал байгаад намаа удирдаж чадахгүй байна уу? Ямар ч байсан И.Цэрэнбат, Х.Алтанхуяг нар АН-ын даргын нэр хүндэд халтай л мэдэгдэл хийгээд байгааг тоолгүй өнгөрч болохгүй л болов уу.
Д.Лхагва