Фейсбүүкчид ээ, жиргээчид ээ! Эхлээд юмны учрыг олж байж дараа нь хүний мууг үзэх ажлаа хий! Учир шалтгааныг нь түй ч мэдэхгүй байж юм л бол гар утсаа гаргаж зураг дараад олон нийтэд цацахаа яарах юм. Юм л бол үнэн, худал нь батлагдаагүй постыг сэвж бусдыг хохирооно! Та нарын лайк цуглуулах дон хэчнээн хүмүүсийг хохироож байгааг ойлгох ухамсар байна уу? Өөрөө л кайф авч, нэр хүнд олж байвал хүний асуудал огт хамаагүй гэдэг дэндүү увайгүй үзэл бодолтой болжээ. Хүний нэр төр амьдрал, хувь заяатай нь холбоотой байдаг юм! Хувь тавилан тоглоом юм уу?!
Сошиалын орон зайн түрэлтийг дагаад хүний мөс чанар арилж, харьцуулан бодох ухамсар устаж эхэллээ! Хүнлэг чанараа алдвал хүн төрөлхтөн мөхнө! Өөрөө өөрсдийгөө сөнөөнө гэдэг л болох вий. Ухаант хүн үүссэн цагаас хойш бүрэлдсэн өрөвдөх, хайрлах, энэрэх, уучлах, ойлгох сэтгэлийн хүчинд хүн төрөлхтөн өдий олон жил оршин тогтож байгаа юм.
Цахим ертөнц хүний мөн чанарыг дарангуйлах хүчтэйг их олон удаа сануулж байна даа, миний бие. Интернэт, сошиал орчныг дагаад үүсэж буй огт өөр оюун санааны дарангуйлал, хүч түрэлтийг яаж зогсоох вэ?! Багаасаа цахим ертөнцийн хар сүүдэр мэт харгис сэтгэхүй дотор өссөн хүүхэд араатан л болж төлөвших биз ээ! Насанд хүрсэн хүмүүс гэхэд дэндүү мулгуу, мунхаг, дэндүү тэнэг байна. Хүүхэд, залуусыг юунд уруу татаж, оюун бодлыг нь хааш нь чирээд байгаагаа харах нүдгүй болтлоо сохорсноо ухаар!
Д.Лхагвадорж