МАН-ын Бага хурлын III хуралдаан Тусгаар тогтнолын ордонд үргэлжилж байна. Хуралдааны явцын талаар МАН-ын Нарийн бичгийн дарга Н.Энхбаатар хэвлэлийнхэнд мэдээлэл өгөхдөө “Бага хуралд намын Их Хурлаас сонгогдсон 479 гишүүн бүртгэлтэй. Тэдний 80 гаруй хувийн ирцтэйгээр хурал үргэлжилж байна. Өнөөдөр болж буй Бага хурлын III хуралдаанаар Монгол Ардын Нам 2024 оны УИХ-ын ээлжит сонгуульд оролцох, нэр дэвшүүлэх журам батлах, мөн ирэх сонгуульд оролцох мөрийн хөтөлбөрийг хэлэлцэж батлахаар төлөвлөсөн. Одоогоор Намын даргын 2024 оны УИХ-ын ээлжит сонгуульд дэвшүүлж буй мөрийн хөтөлбөрийн талаар улс төрийн илтгэл тавьсантай холбогдуулан Бага хурлын гишүүд асуулт асууж, хариулт авч байна. МАН-ын Удирдах зөвлөлөөс сонгуулийн бэлтгэл ажлыг хангах, мөрийн хөтөлбөр боловсруулах Ажлын хэсгийг өнгөрсөн 2023 оны наймдугаар сард байгуулсан. Түүнээс хойш Ажлын хэсгийн гишүүд иргэд, сонгогчдынхоо санал хүсэлтийг сонсох, судалгаа шинжилгээ хийж Намын удирдах албан тушаалтнууд 330 суманд хүрч ажилласан. Ингэхдээ иргэд сонгогчидтойгоо уулзаж намын бодлого шийдвэр, Засгийн газраас хэрэгжүүлж буй арга хэмжээний талаар танилцуулга хийж ажиллалаа. Тухайн сонгуулийн жилийн гуравдугаар сарын 25-наас өмнө намууд сонгуульд дэвшүүлэх мөрийн хөтөлбөрөө Үндэсний аудитын газарт өгөх хуулийн хугацаатай. Иймд мөрийн хөтөлбөрийн талаар дэлгэрэнгүй ярих боломжгүй” гэв.