УИХ-ын хаврын чуулган өнөөдөр нээлтээ хийлээ. Спикер Г.Занданшатар нээж хэлсэн үгэндээ “Хэдхэн сарын дараа Улсын Их Хурлын ээлжит сонгууль болно. Бүсчилсэн том тойргуудад өрсөлдөөн өрнөнө. Энэ бол 126 гишүүн сонгох тоон хэмжүүрийн асуудал биш, ирээдүйгээ томоор харж, бүсчилсэн хөгжлийн үзэл баримтлалыг амилуулах томоохон реформын эхлэл юм. Хот хөдөөгийн ялгааг багасгах, эдийн засгийн нөөцийг зохистой хуваарилах, хөгжлийг урт хугацааны төлөвлөлт, бодлогоор удирдах, үндэсний эв нэгдэл, тусгаар тогтнол, аюулгүй байдлыг баталгаажуулахад энэ шинэчлэл чухал ач холбогдолтой” хэмээн онцлов. Тэрбээр УИХ-ын гишүүдийн тоог 126 болгож, аймгийн төлөө бус бүсийн төлөө ажиллах боломж бүрдлээ гэсэн агуулгыг илэрхийлэв. Өөрөөр хэлбэл, парламентын гишүүдийн тоог нэмснээр Монгол Улсыг бүсчлэн хөгжүүлэх зам нээгдэх юм байх.
Аймаг, орон нутгийг хөгжүүлэх бодлого хангалтгүй байгаагаас хөгжил нь удааширч, улмаар төв рүү чиглэсэн нүүдэл ихэссэн. Үүнээс болоод ийслэлийн хүн амын тоо эрс ихэсч, хот ачааллаа даахгүйд хүрээд байгаа нь бодит үнэн. Хөдөөнөөс хот руу чиглэсэн нүүдэл тасраагүй цагт Улаанбаатарт метро бариад, дүүжин тээвэр байгуулаад ч нэмэргүй шүү дээ. 126 гишүүнтэй болсноор бүсчилэн хөгжүүлэх зорилго хангагдах, эсэхийг харах л үлдлээ.
Д.Лхагва