Хавар ирлээ. Цас мөс ч хайлж байна. Хүмүүс ч хувцсаа нимгэлж эхлэв. Гэхдээ урин дулаан болоод ирэхээр Улаанбаатарчуудад нэг асуудал нэмэгддэг. Тэр бол дугуй, мотоцикль, скүүтер унасан залуусын “довтолгоо” юм. Энэ хотод дугуйн албан ёсны зам тун ховор. Явган хүний замаар дугуйчид нь дураараа давхилдаж хүүхэд, хөгшингүй мөргөж гэмтээх болсон.
Хамгийн харамсалтай нь нүүр амаа баглаж хар хурдаараа давхих дугуйчид хүн мөргөж унагаачихаад босгож өгөөд, эмнэлэгт хүргэх нь бүү хэл зугатаагаад алга болдог. Дугуйнд ямар улсын номер дугаар гэж байх биш мөргүүлж гэмтсэн хүн хохироод өнгөрөх тохиолдол олон. Нүүр амаа халхалсан этгээдүүдийг хайж олж илрүүлэхэд амаргүй нь ойлгомжтой. 2023 оны намар зүүн 4 зам дээр дугуйтай залуу настай эмэгтэйг мөргөж унагаачихаад биеийг нь асуух нь бүү хэл тэр чигээрээ зугатаачихсан гэдэг. МУБИС-ийн урд талын зам дээр 20-иод насны скүүтертэй этгээд хоёрхон настай хүүг дайрч унагаад Арслантай гүүр уруудаад алга болсон жишээ ч бий. Өөрөө явган хүний замаар хурд хэтрүүлэн давхиж хүн гэмтээчихээд хэргийн газраас зугатаадаг хүний үнэргүй дугуйчдад тавих хараа хяналтаа иргэн бүр чангаруулая. Иймэрхүү хэрэг хаваржин, зунжин, намаржин үргэлжлэх нь дэндүү тодорхой. Холбогдох байгууллагууд анхааралдаа авахгүй бол гэмгүй хүмүүс олноороо дугуйчдын дураараа үйлдлийн золиос болж, эрүүл мэнд, бүр даймжирвал амь насаараа ч хохирно шүү!
Д.Дорж