“Занданшатар-III” чансаа өндөр нээлттэй шатарчдын тэмцээн “Занданшатар” шартын клуб дээр 4 дэх өдрөө үргэлжилж байна. Уг тэмцээнд шатрын олимп, дэлхий, улсын аваргууд өрсөлдөж байгаа юм. Тухайбал, Их мастер Б.Гүндаваа, Г.Мөнхгал, Б.Мөнгөнзул, Э.Хүслэн зэрэг өндөр чансаатай шатарчид өрсөлдөж байна. Тэмцээний үеэр шатрын Олон улсын Их мастер Б.Гүндаваатай ярилцлаа.
–Энэхүү тэмцээний талаарх сэтгэгдлээ хуваалцана уу?
–Энэ нэр хүндтэй тэмцээнд оролцож байгаадаа баяртай байна. Бүх насныхан оролцсон холимог нээлттэй тэмцээн учраас их өрсөлдөөнтэй болж байна.
–Өсвөр үеийнхэнтэй тоглоход ямар бодол төрж байна вэ?
-Сүүлийн 15 жилийн хугацаанд өсвөрийн шатарчдын ур чадвар сайжирч байгаа. Тив, дэлхийн тэмцээнд тогтмол амжилт гаргадаг болсон. Энэ тэмцээний ач холбогдол нь стандарт цагийн хяналтаар тоглож байгаад оршино. Өнөө үед стандарт цагтай тоглолт олон улсад тэргүүлж байгаа. Манай улсын хувьд ганцхан улсын аварга шалгаруулах тэмцээнийг л стандарт цагаар зохион байгуулдаг.
–Та хамгийн сүүлд ямар тэмцээнд амжилт үзүүлсэн бэ?
-2023 оны 7 дугаар сард Серб улсын Парацел хотод зохиогдсон Олон улсын тэмцээнд түрүүлсэн.
–Шатрын спортын ач холбогдлыг цөөхөн үгээр тодорхойлно уу?
-Хөгшин, залуугүй ухаалаг утасны хамааралтай болж байгаа ийм үед шатрын спорт хүүхдийг сууж сургана, сэтгэн бодох чадварыг нь эрс нэмэгдүүлнэ. Мөн аливаа асуудлыг олон талаас нь харах чадвартай болно.
–Баярлалаа, тэмцээнд нь амжилт хүсье.
Д.Дорж