1910 онд Германы улстөрийн зүтгэлтэн, коммунист үзэлтэй эмэгтэй Клара Цеткин Олон улсын эрхийг хамгаалах өдрийг санаачилсан гэдэг. Тэр цагаас хойш дэлхийн улс орнууд энэхүү өдрийг тэмдэглэх болсон юм. Гэхдээ социалист лагерийн орнууд илүүтэй өргөн тэмдэглэж заншсан. Хэдийгээр манай улс капиталын зам руу орсон ч эмэгтэйчүүдийн баярыг тэмдэглэдэг уламжлалаасаа салаагүй. Уг нь эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах, тэдний улстөр, нийгмийн оролцоог дэмжих агуулгаар бий болсон өдөр шүү дээ. Гэтэл манай улсад жилээс жилд ердөө л баярлаж цэнгэх хэлбэрт орсон юм. Байгууллага, аж ахуйн нэгжүүд эмэгтэйчүүдээ хүлээн авч, бэлэг дурсгалын зүйл гардуулахаас гадна баар ресторанд ширээ захиалж, ууж наргидаг өдөр болж хувирсан нь үнэн.
Айл гэр бүлд ч энэ өдөр эзэгтэй нь “засаглах” эрхтэй. Гудамж талбайгаар дүүрэн архи дарс, вино, цэцэг, набор барьсан хөгшин, залуу эрчүүд хөөр болон гүйцгээдэг болсон. Тэд эмэгтэйчүүдтэйгээ нийлж ууна, тасарна. Зарим нь баярын эзэндээ гар хүрнэ. Бас архи хэтрүүлэн хэрэглээд эрүүлжүүлэхэд морилдог хүүхнүүд ч олон бий. “Эмэгтэйчүүдэд юу дутагдаж байна вэ?”, “Тэдний төлөө юу хийвэл зохилтой вэ?” зэрэг сэдвийг хөнддөг нэг ч эрэгтэй хүн байхгүй. Нэг ёсондоо энэ өдрийн утга агуулга алдагдаж, ердөө л наргидаг өдөр болсон гэсэн үг. Манай анхны Ерөнхийлөгч П.Очирбат “Мартын 8” гэх өдөр агуулгаасаа хазайгаас ирсэн учраас энэ өдрийг тэмдэглэхийг хориглож, 6 дугаар сарын 1-тэй нэгтгэн “Эх үрсийн баяр” болгох шийдвэр гаргаж билээ. Гэвч дийлэнх эмэгтэйчүүд үүнийг таалаагүй учир баяр гэдэг агуулгаараа эргэн сэргэж, дахиад л архидаж шоуддаг болчихсон нь үнэн.
Уг нь охид, эмэгтэйчүүдийн эрх юун дээр зөрчигдөж байгааг хөндөж, онол практикийн бага хурал хийж, тодорхой шийдвэр гаргадаг болмоор байна. Ядарсан зүдэрсэн эхчүүд, эмэгтэйчүүдэд туслах аян зохиосон ч яадаг юм. Ямар ч байсан шоуны өдөр нэгээр нэмэгдсэнийг хүлээн зөвшөөрч хэлбэр, агуулгыг нь эргэн харах цаг болжээ.
Д.Лхагвадорж