БНХАУ-ын хууль тогтоох дээд байгууллага буюу Бүх Хятадын Ардын Төлөөлөгчдийн Их Хурлын /БХАТИХ/ 14 дэх удаагийн сонгуулийн хоёрдугаар чуулган Бээжин хотын Ардын их хурлын ордонд эхэллээ.
Хятадын нийслэлийн яг төвд болж буй чуулганд энэ удаад 2956 депутат оролцож байгаа бөгөөд гуравдугаар сарын 11-ныг хүртэл үргэлжилнэ. Чуулганаар хэлэлцэх сэдвүүдийн жагсаалтад долоон асуудал багтжээ. Хууль тогтоогчид эхлээд 2023 оны нийгэм, эдийн засгийн хөгжлийн төлөвлөгөөний хэрэгжилт, засгийн газрын ажлын талаарх Төрийн Зөвлөлийн Ерөнхий сайд Ли Чяны илтгэлийг сонсоно. Мөн 2024 оны холбогдох төсөл, 2023 оны төв, орон нутгийн төсвийн гүйцэтгэлийн тайлан, энэ оны төсөлтэй танилцана.
Түүнчлэн “БНХАУ-ын Төрийн зөвлөлийн зохион байгуулалтын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай” БХАТИХ-ын Байнгын хорооноос гаргасан саналыг хэлэлцэх юм. Мөн БХАТИХ-ын Байнгын хороо, Ардын дээд шүүх болон Ардын дээд прокурорын газрын ажлын тайлантай танилцана.
Хууль тогтоогчид шинэчлэл ба өндөр чанартай бүтээмж бүхий шинэ үйлдвэрлэлийн хүчийг бэхжүүлэх, хөдөлмөр эрхлэлт, олон улсын худалдаа-хөрөнгө оруулалтын төслүүд, түүний дотор “Нэг бүс-нэг зам” санаачилга, эдийн засаг, нийгмийн хамгааллын хөтөлбөр, түүүнчлэн хувийн хэвшлийг хөгжүүлэхтэй холбоотой асуудлуудыг хэлэлцэхээр төлөвлөж байна.
БХАТИХ-ын хуралдаан жил бүр тус улсын хамгийн дээд зөвлөлдөх байгууллага болох Улс төрийн асуудлаар зөвлөлдөх зөвлөлийн Үндэсний хорооны чуулгантай зэрэгцэн болдог.
Хятадын Улс төрөөр зөвлөлдөх зөвлөлийн 14 дүгээр Үндэсний хорооны хоёрдугаар чуулган гуравдугаар сарын 4-нд буюу өчигдөр Бээжин хотын Ардын их хурлын ордонд эхэлжээ.
УТЗЗ-ийн хуралд төрийн байгууллагууд, зэвсэгт хүчин, нийгэм-улс төрийн байгууллагууд, үйлдвэрчний эвлэл, шашин, шинжлэх ухаан, бизнесийн салбарын төлөөллүүд, мөн БНХАУ-ын засаг захиргааны тусгай бүс нутаг болох Хонконг, Макао, БНХАУ-ын 56 үндэстэн, түүнчлэн гадаадаас буцаж ирсэн хятад иргэд зэрэг 2000 гаруй төлөөлөгч оролцож байгаа бөгөөд гуравдугаар сарын 10 хүртэл үргэлжилнэ.
Чуулганы эхэнд УТЗЗ-ийн дарга Ван Хунин тус зөвлөлийн байнгын хорооны ажлын тайланг танилцуулж, гишүүд мөн жилийн өмнө болсон анхдугаар чуулганы дараа улс төрийн зөвлөхүүдийн саналыг тухайн жилийн ажлын төлөвлөгөөнд хэрхэн тусгасан талаар илтгэл сонссон байна.
Тус зөвлөлийн гишүүд Хятадын шинэчлэлийг хэрэгжүүлэх зорилтод хүрэх талаар санал боловсруулахад гол анхаарлаа төвлөрүүлэх ажээ. Түүнчлэн хүн амын хөгшрөлт, залуучуудын хөдөлмөр эрхлэлт, төрөлт буурч байгаа зэрэг нийгмийн тулгамдсан асуудлуудыг хэлэлцэх юм. Зөвлөлдөх байгууллагаас гарсан саналуудыг БХАТИХ-аар хэлэлцүүлдэг.
УТЗЗ-ийн хурал БХАТИХ-ын чуулган нээгдэхээс нэг хоногийн өмнө эхэлдэг уламжлалтай. “Хоёр чуулган” хэмээн нэрлэгддэг эдгээр чуулган нь Хятадын улс төрийн хүрээний том үйл явдалд тооцогддог. БНХАУ байгуулагдсаны 75 жилийн ой тохиох энэ оны улс орны нийгэм, эдийн засгийн хөгжлийн гол чиглэлүүдийг тодорхойлох тул Хятад болж буй “Хоёр чуулган” ажиглагчдын анхаарлын төвд байна гэж ТАСС агентлаг мэдээлснийг МОНЦАМЭ уламжиллаа.