АНУ хүнсний хомсдолыг арилгах зорилгоор Газын зурваст хүнсний тусламжийг анх удаа агаараас буулгалаа.
АНУ, Йорданы арми бямба гарагт хоол хүнс бүхий ачааг Газын зурвас руу илгээсэн гэж АНУ-ын Төв командлал болон Жо Байдены засаг захиргааны өндөр албан тушаалтнууд мэдэгджээ. Газар дундын тэнгисийн эрэг дагуу 38 мянга гаруй хоолыг агаараас буулгахад C-130 тээврийн онгоцыг ашигласан байна.
Израил болон Палестины ХАМАС бүлэглэлийн хооронд мөргөлдөөн эхэлснээс хойш АНУ-ын Засгийн газраас анх удаа агаараас тусламж үзүүлж байгаа нь энэ юм. Төв командлал дараагийн ажиллагааг төлөвлөж байгаагаа мэдэгджээ. Ж.Байдены засаг захиргаа мөн хүмүүнлэгийн тусламжийг далайгаар тээвэрлэх боломжийг судалж байгаа гэх мэдээлэл байна.
Газын зурваст агаараас хүмүүнлэгийн тусламжийг буулгах ажиллагааг тун удахгүй эхлүүлнэ гэж Ж.Байден баасан гарагт мэдэгдсэн билээ. Тусламжийн бараа тээвэрлэж буй ачааны машины цуваа Газын өмнөд хэсэгт байрлах хоёр хяналтын цэгээр нэвтэрч байгаа юм. Энэ нь өлсгөлөнгийн ирмэг дээр байгаа хойд бүс нутгуудад тусламж хүргэхэд хүндрэл учруулж байгаа ажээ гэж Ройтерс мэдээлснийг МОНЦАМЭ уламжиллаа.