Мэргэжлийн сүмо бөхийн их аварга Хакухо Даваажаргалыг өөр эмэгтэйчүүдтэй дотно харилцаатай байсан талаар Японы зарим хэвлэлүүд мэдээлсэн байна. Үнэн, худал нь одоогоор тогтоогдоогүй байхад Монголын зарим хэвлэл мэдээллийн хэрэгсэл, сошиал орчинд Их аваргыг буруутгасан агуулгатай мэдээг түгээж эхэллээ.
М.Даваажаргал бол Японы мэргэжлийн сүмо бөхөд хамгийн олон буюу 45 удаа түрүүлж түүхэн дээд амжилт тогтоосон хүн. Түүний амжилтыг одоогоор хэн ч эвдэж чадаагүй байна. Цаашид ч 45 удаагийн түрүүг эвдэх тийм агуу бөх сүмогийн дэвжээнээ гарч иртлээ удах биз ээ. Ер нь Cүмо бөхийн холбооны удирдах түвшинд монголчуудыг хавчин шахах бодлого байгаа юм биш биз?
Харь оронд Монгол эрийн эд хавыг үзүүлэн эх орныхоо нэрийг дуурсгасан хүчирхэг залуугаа өмгөөлж хамгаалж, сэтгэл санаагаар өргөхийн оронд харин ч доромжлон басамжилж, бах таваа хангасан зүйл бичиж нийтэлж байгаа нь дэндүү харамсалтай. Элэг нэгтнээ хазайсан дээр нь түлхдэг увайгүй зан Монголчуудаас даанч хол байсан юм даа.
Д.Лхагва