Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар (НШШГГ) хөл хөдөлгөөн ихтэй байна. ЦССҮТ-ийн явуулын баг тус байгууллага дээр очиж цус цуглуулж байгаа болохоор ажилтан албан хаагчид нь идэвхтэй хамрагдаж байна. Энэ үеэр НШШГГ-ын дэд дарга, хошууч Н.Эрдэнэбулгантай дараах яриаг өрнүүлэв.
-Эх орончдын өдөр байгууллага, хамт олноороо цусаа бэлэглэж байгаа та бүхэнд талархал илэрхийлье. Нэгэн дуугаар бусдын амь насыг аврах үйлсэд нэгдэнэ гэдэг эх оронч үйл хэрэг мөн. Та бүхэн хэдэн удаа цусаа өгөөд байна вэ?
-Баярлалаа. Би өөрөө хэд хэдэн удаа цусаа өгч байсан. Манай хамт олон ч бусдад амьдрал бэлэглэх уриалгыг талархан хүлээж авдаг. Ер нь хүнд хүргэж буй бодитой буянт үйлс шүү дээ. Хэрэгтэй цагт нь тэр хүнд, тэр гэр бүлд тусална гэдэг маш том буян.
–Цусаа бэлэглэх уриалгыг танай албан хаагч залуус анх хэрхэн хүлээж авсан бол?
-НШШГГ-ын бие бүрэлдэхүүн уриалгыг дуртай хүлээж авдаг. Сэтгэлээсээ өгч буй цус бол мөнгөн тусламжтай зүйрлэхийн аргагүй тус юм. Цусыг химийн аргаар гаргах боломжгүй, дэлгүүрээс худалдаад авч чадахгүй. Ийм учраас байгууллагаараа цусаа өгөх үйлс зөвхөн цэргийн байгууллагуудаар хязгаарлагдах биш бүх салбарыг хамраасай гэж уриалах байна.
Д.Лхагва