Байгаль орчин, аялал жуулчлалын сайд Б.Бат-Эрдэнэтэй ярилцлаа.
-Нийслэлийн газрын наймаа, замбараагүй газар олголт үе, үеийн БОАЖ-ын сайдтай холбоотой гэж нийслэлийн Засаг дарга саяхан мэдэгдсэн. Энэ үнэн үү?
-УИХ-ын 1995 оны 26 дугаар тогтоол гэж бий. Энэ тогтоолоор Богд хан уулын дархан цаазат газрын хил, заагийг тогтоож өгсөн. Нийслэлтэй энэ огт хамаагүй гэсэн үг. Өөрөөр хэлбэл, дархан цаазат, байгалийн цогцолборт, байгалийн нөөц, дурсгалт газрууд Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулиар зохицуулагддаг. Харин нийслэл тусдаа. Өнгөрсөн 2011 онд тухайн үеийн Газар зохион байгуулалт, геодези, зураг зүйн газрын дарга, БОАЖ-ын сайд нар дээр хэлсэн УИХ-ын тогтоолоор тогтоосон Богд хан уулын дархан цаазат газрын хил, заагийг өөрчлөөд газар олголт хийж эхэлсэн байдаг.
-Яг аль орчмын газрууд вэ?
-Нисэх, Яармаг тал руугаа их. Нэг ёсондоо УИХ-аас гаргасан тогтоолыг зөрчсөн. БОАЖЯ, нийслэл, БХБЯ-наас 2011-2023 оны хооронд давхацсан газар олголт их явсан нь үүнтэй холбоотой. Тийм ч болохоор тухайн тогтоолыг өөрчилж, газрын хил, заагийг өөрчилсөн албан тушаалтнууд дээр хууль хяналтын байгууллагынхан хэрэг үүсгээд явж байгаа юм билээ. Ноднин жил БОАЖЯ, НЗДТГ, БХБЯ хамтарсан уулзалт хийсэн. Тус уулзалтаар 1995 оны энэ тогтоолыг хэрэгжүүлэх, манай яам нийслэлийн буюу тусгай хамгаалалтад байгаагүй газарт өөрийн харьяа гэдэг нэрээр газар олголт хийснийг цуцлахаар болсон. Мөн ноднингийн нэгдүгээр сарын 29-нд 1995 оны УИХ-ын тогтоолын хэрэгжилтийг хангахыг манай яаманд даалгасан БОХХАА-н байнгын хорооны тогтоол гарсан. Ингээд ажлын хэсэг байгуулагдаад ажилласан. Улмаар тавдугаар сард хил, заагийг тухайн тогтоолд нийцүүлэх шийдвэр гаргаад тухайн үед авсан 80 орчим газар дээр сонсох үйл ажиллагаа хийгээд цуцлахаар болсон. Гэхдээ тухайн албан тушаалтны буруутай үйлдэл учраас иргэн, аж ахуйн нэгжүүдийг хохироохгүй байх асуудлыг манай яам хөндөж оруулсан. Ер нь бол Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн ажиллаж байгаа энэ цаг үед бид бүх зүйлийг буцааж эмх цэгцэнд нь оруулах ажлыг хийж байна. Тийм болохоор газар олголттой холбоотой бүх ажлыг цахимжуулсан. Мөн ноднин жилийн нэгдүгээр сарын 1-нээс хэрэгжиж эхэлсэн Зөвшөөрлийн тухай хуулиар газар олголтыг зөвхөн сонгон шалгаруулалтаар хийхээр болсон. Тиймээс манай яам өнөөдрийг хүртэл нэг ч газар олгоогүй. Одоо бид зөвхөн цуцлах, хязгаарлалтын бүсээс хамгаалалтын бүсэд нэмж авах ажлуудыг хийж байна. Мөн ноднин их хэмжээний үер болсон учраас Богд хан уулаас гарч байгаа усны зам дээр олгосон бүх газрыг цуцалж байна. Цуцлах үйл ажиллагааг л бид маш сайн хийж байна. Өнгөрсөн хугацаанд нийтдээ 10 сая орчим метр квадрат газрыг цуцалсан.
-Газрыг нь цуцалсан иргэн, аж ахуйн нэгжид өөр газар олгох, нөхөн төлбөр өгч байгаа юу?
-Хуулиараа сонсох ажиллагаа хийгдээд, түүний хүрээнд УИХ, Байнгын хорооны тогтоолын дагуу бүгдэд нь мэдэгдэж байгаа. Зөвшөөрч байвал газраа дүйцүүлэн авч болно. Харин авахгүй, шүүхдэнэ гэвэл өөрсдийнх нь эрхийг нээлттэй үлдээсэн. Иргэн, аж ахуйн нэгжүүд аль болох хохирохгүй байх ёстой. Гэхдээ тусгай хамгаалалттай газар нутаг хуулийнхаа дагуу ямар нэгэн зөрчилгүй байх ёстой.
-УИХ-ын 1995 оны тогтоолоор хил, заагт нь Зайсангийн ам, Нүхт зэрэг газрууд ордог уу?
-Бүгд орно. Нисэх-Яармагийг хөгжүүлэх ерөнхий төлөвлөлтийг 2013 онд НИТХ-аас баталсан. Дараа жил нь дэд бүтэц татах зөвшөөрөл олгож, 2015 онд хоёр давхраас дээш давхар барилга барьж болохгүй гэсэн стандартыг нь аваад хаячихсан. Тэгээд л өндөр, өндөр барилгууд барьж эхэлсэн. Анх 2011 онд хил, заагийг нь өөрчилж байгаад л энэ бүхнийг эхлүүлсэн байдаг.
-Таныг Хөвсгөл нуурын урд эрэг, Алагцар орчимд прокуроруудад газар олгосон гэдэг асуудал 2022 онд гарч байсан. Энэ чухам юу болсон юм бэ?
-Ноднин бол огт газар олгоогүй. Харин 2022 онд 12 иргэн, аж ахуйн нэгжид газар олгосон. Энэ дотор тухайн орон нутагтаа амьдарч байгаа 10 иргэн бий. Мөн нэг аж ахуйн нгэжид өгсөн бол нөгөө нь таны ярьж байгаа асуудал. Үндсэн хуульд ялгаварлан гадуурхахгүй байхыг зааж өгсөн. Тийм ч болохоор тэр, энэ байна гэхгүйгээр тухайн байгууллагуудаас ирсэн хүсэлтийг үндэслээд боломжтой гэсэн тохиолдолд газар олгодог. Би сайдаар томилогдсоноосоо хойш АТГ-ын комиссарыг яамныхаа Хяналт, шинжилгээ, үнэлгээ, дотоод аудитын газартаа шилжүүлэн ажиллуулсан. Түүнээс өмнө чухам юу байсныг мэдэхгүй. Гэхдээ яамнаас газар олгодог. Түүн дээр нь авлига их яригддаг. Нэмээд шонхор, ховор ан агнуур, ургамал, байгаль орчны үнэлгээ, менежмэнтийн төлөвлөгөөнүүд гээд маш олон асуудал байсан. Харин бид эдгээрийг цогцоор нь шийдсэн. Өнөөдөр газар олголт зогссон. Шонхорын асуудлыг Ерөнхийлөгчийн тамгын газарт, ан агнуур, ургамал, самрыг аймгуудад нь шилжүүлсэн. Самрын ард маш их асуудал яригддаг, авлига их явдаг юм билээ. Ан агнуурыг дуудлага худалдааны зарчимд шилжүүлсэн. Ингэхээр ямар ч авлига байх боломжгүй. Засгийн газраас ноднин жилийг авлигатай тэмцэх жил болгон зарласан. Бид шат дараатай ажлуудыг хийж байгаа. Авлигын үндсэн нөхцөл, суурийг тасдах ёстой. Түүнээс биш хэдэн авлигчийг барьж хорихоос илүү авлига үүсэхгүй байх нөхцөлийг бүрдүүлэхийн төлөө ажиллаж байна.
-Засгийн газраас аялал жуулчлал дээр нэлээд анхаарал хандуулж ажиллаж байгаа. Харин энэ жилийн өвлийн аялал жуулчлалын үйл ажиллагаануудыг зудаас үүдэн болиулах, хойшлуулах тухай яриа гарсан. Энэ асуудал юу болсон бэ?
-Бид зудтай тэмцэхийн тулд мөнгө, санхүүжилт хэрэгтэй. Нэг хэсэг газар зудтай байлаа гээд нөгөө хэсгийн хүмүүс орлогогүй болж болохгүй. “Хөх сувд” мөсний баяраас хамгийн их орлого олдог нь нутгийн иргэд байдаг. Тийм болохоор бид бүх арга хэмжээг хийдгээр нь хийнэ. Ингэж байж иргэдийнхээ олдог орлогыг таслахгүй байж чадна. Засгийн газар эдгээр арга хэмжээг цуцалчих шиг амархан зүйл байхгүй. Гэхдээ ингэвэл эцсийн дүндээ ард иргэд, аж ахуйн нэгжүүд л хохирно.
-Манай эдийн засаг дан ганц уул уурхайгаас хараат байдаг. Харин эдийн засгаа солонгоруулна гэж их олон жил ярьсан. Тэгвэл аялал жуулчлал уул уурхайн төсвийг бүрдүүлдэг дараагийн гол салбар болох боломж байна уу?
-Бид онгон дагшин байгалиа, зэрлэг амьтнаа, нэн ховор ургамал, байгалийн сайхан тогтоцоо сайтар хамгаалж чадвал энэ бол шавхагдашгүй баялаг. Магадгүй манайх шиг нэг дор жилийн дөрвөн улирлыг үзэж чаддаг орон хэд байгаа вэ. Дэлхийд хөндөгдөөгүй үлдсэн сэрүүн хээрийн бүс нь Канад, манайх хоёр л байна. Тиймээс Засгийн газраас ирээдүйд олох орлого маань хаанаас вэ гэдгээ тодорхойлж байгаа. Ноднин жил аялал жуулчлал тэрбум ам.доллар давсан орлого олсон салбар анх удаа боллоо. Энэ бол Л.Оюун-Эрдэнийн Засгийн газрын үед хийгдсэн ажил. Засгийн газар тэр чигээрээ ажиллаж байна. Визээс чөлөөлөх ажил, цахимжилт маш сайн явагдаж байна. Аялал жуулчлалын компаниуд маань хичээж байгаа. Цаашдаа уул уурхай мэдээж байж л таарна. Гэхдээ ухдагаас илүү ургуулдаг аялал жуулчлалын салбарыг илүү хөгжүүлснээр доллар оруулж ирэх боломж тэр хэрээр нэмэгдэнэ. Египет улс зөвхөн прамидуудаараа жилийн 10 сая жуулчин, 30 тэрбум ам.доллар олж байна. Харин манайх нүүдэлчин ард түмэн учраас эртний хаадуудын маань орд харш, байшин барилга тэр бүр үлдсэнгүй. Би өөрөө түүхч хүн. Оюутан байхдаа Хархорум хотын туурь дээр очиж археологийн чиглэлээр ажилладаг байсан. Тэгж байхдаа Хархорум хотын дөрвөн замын уулзвар, Өгөдэй хааны ордны туурь, гантиг багануудыг малтлагаар гаргасан. Харамсалтай нь дараа жил нь очиход нөгөө гантиг баганууд айлын хашаанд түлээ хагалдаг суурь болчихсон байсан. Тийм болохоор Соёлын яамтайгаа хамтраад бид түүхийн дурсгалт эд өлгийн зүйлсийг маш сайн хамгаалах ажлуудыг хийж байна.
-Засаг төрөөс нь аялал жуулчлалыг хөгжүүлэх гээд зүтгээд байна. Гэтэл аялагчдад хамгийн таагүй сэтгэгдэл төрүүлдэг нь зочид буудал, жуулчны баазуудын үйлчилгээ, харилцаа хандлага байдаг. Тиймээс тэднийг хөгжүүлэх тал дээр салбар яамнаас ямар ажлууд хийж байна вэ?
-Дэлхий нийтэд аялал жуулчлалын бүс гэж бий. Тайландын Пүкэт, Вьеатнамын Фукуок, Сингапур, Дубай зэрэг чинь аялал жуулчлалын бүс. Харин тэр бүсээс нь гараад орон нутгийн иргэдийн амьдардаг газар очвол манайхаас дор орчнууд ч бий. Манай улсад аялал жуулчлалын бүс огт алга. Нийт газар нутгаараа нэг бүс болчихоод байна. Тийм болохоор ийм том бүсэд бие засах газар, кочлох үйлчилгээний асуудлыг шийдэх боломжгүй. Тэгээд Аялал жуулчлалын тухай хуулийн шинэчилсэн найруулга дотор улсын болон орон нутгийн аялал жуулчлалын бүсийг хуульчилж өгсөн. Ингээд хуулийг нь, 110 тэрбум төгрөгийг хөнгөлөлттэй зээл, бодлогыг нь гаргаад өгчихсөн учраас үүнийг иргэн, аж ахуйн нэгжүүд өөрсдөө хийх ёстой. Бид одоо асгах бодлого явуулж байгаа. Манай улс ноднин жил түүхэндээ анх удаа 651.061 жуулчин авсан. Үүнээс илүү яагаад авч чадсангүй вэ гэхээр бидэнд зочид буудал, кемпүүдийн хүртээмж алга. Улаанбаатар хот нэг өдрийн дотор 4000 жуулчин л хүлээж авах ортой. Жилийн турш өдөр бүр тултал аваад байхад л 1.2 сая орчим жуулчин авч чадна. Тиймээс бид байршуулах үйлчилгээгээ сайжруулж, орныхоо тоог нэмэгдүүлэх шаардлагатай.
-Ингэхийн тулд яах ёстой вэ?
-Жуулчин ирэхээс өмнө аж ахуйн нэгжүүд өөрсдөөсөө мөнгө гаргаад орныхоо тоог нэмэгдүүлэхгүй. Учир нь жуулчин ирэхгүй бол тухайн бизнес дампуурна. Тиймээс Засгийн газраас асгах бодлого барьсан. Гадны сурталчилгааг сайн хийсэн. Үүний хүрээнд ноднин жил Монгол Улсын тухай сурталчилгаа мэдээлэл 570 сая гаруй хүнд хүрсэн. Энэ дотроос дээр хэлсэн 651 мянган жуулчин ирсэн. Жуулчин авч байгаа газрууд 100 ортой бол тэр хэмжээндээ л авна. Харин 200 ортой болгоогүйгээс өдөр тутам 100 жуулчин алдаж байна гэсэн ойлголтыг аж ахуйн нэгжүүд аваад Засгийн газрыг хөнгөлөлттэй зээл гаргаж өгөөч гэсэн хүсэлт тавьсан.
-Улсын аялал жуулчлалын бүс яг аль хэсгийг хамаарч байгаа вэ?
-Манай улсын нийт газар нутгийн 33.8 сая га талбай нь тусгай хамгаалалттай газар нутагт хамаардаг. Гэхдээ тусгай хамгаалалтад ороогүй ч аялал жуулчлалын бүс нутаг болсон газрууд их бий. Бид яагаад аялал жуулчлалын улсын бүс байгуулах шаардлагатай вэ гэхээр тэнд гадны болон дотоодын хөрөнгө оруулалтын орох ёстой. Тэгж байж илүү хөгжинө. Гэхдээ аялал жуулчлалын салбарт тухайн шийдвэр, бодлогыг хэрэгжүүлэгч нь энэ төрлийн бизнес эрхлэгч иргэн, аж ахуйн нэгжүүд байдаг юм. Тэдэнд итгэл үнэмшил төрсөн цагт энэ нь явна. Тийм ч болохоор Аялал жуулчлалын мэргэжлийн хараат бус холбоог анх удаа байгуулсан. Ингээд өнөөдөр (02.26) миний бие энэ холбоон дээрээ ирээд аялал жуулчлалд цаашдаа юу хийх хэрэгтэйг ярилцаж байна. орон нутгийн иргэд аялал жуулчлалаас хамгийн их ашиг хүртэгч нь байх ёстой. Гэтэл нийслэлээс очоод жуулчны бааз байгуулаад, нутгийн иргэддээ тэр бүр өгөөжгүй газрууд бий. Энэ бүхнийг цэгцэлж, шинээр газар олголтыг шийдэж, стандартыг сайжруулах хэрэгтэй. Үүнийг Засгийн газар хийнэ.
-“Нэг жуулчин-нэг хонь” гэсэн хөтөлбөрийг яагаад хэрэгжүүлэхээр болсон юм бэ?
-Малчны орлого өнөөдөр мал гэсэн ганцхан суваг дээр байна. Гэхдээ малаа төхөөрч, эсвэл зарж байж л орлогоо олж байгаа. Мэдээж ноос, ноолуур, цагаан идээ гээд бий. Даанч тийм их биш. Тэгэхээр хонь нь амьсгалж байхдаа малчиндаа орлого оруулдаг байж яагаад болохгүй гэж. Гадаадын олон зуун сая хүн өнөөдөр өөрийн гэсэн амьтангүй. Солонгос улсад өнөөдөр 10 сая өрх нохой тэжээж байна. Тэр хүмүүс заавал дэргэд нь байхгүйгээр өөрийн гэсэн амьтантай, малтай байх гэсэн хүсэл сонирхол байна. Түүнд нь түшиглээд бид малчинд орлого оруулж болно. Хэрэв малчин орлоготой болчихвол заавал 1000 хоньтой байх шаардлагагүй.
-Аялал жуулчлалд үнэхээр анхаарч байгаа. Гэтэл байгаль орчны салбар нь жаахан орхигдоод байна уу гэсэн яриа ч байна. Сүүлийн жилүүдэд байгаль орчин талдаа ямар, ямар ажлууд хийж хэрэгжүүлсэн бэ?
-Засгийн газрын 2020-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөрт эвдэгдэж орхигдсон 8000 га талбайг нөхөн сэргээнэ гэж оруулсан. Бид өнөөдрийн байдлаар 12353 га газрыг нөхөн сэргээгээд байна. Байгалийн дагалдах баялгийг бид үр өгөөжтэй байлгахын тулд дуудлага худалдаанд шилжүүлэхээс эхлээд нөхөрлөлийн зарчимд тулгуурлан хийгээд явж байгаа. Хуулиудад ч тодорхой өөрчлөлтүүд орсон. Усны төлбөрийг нэмэгдүүлснээр Булган аймаг жилдээ 16-18 тэрбум төгрөгийн орлого олдог болсон. Ойн хөнөөлт шавжтай тэмцэх ажил орхигдсоноос үүдэн 735 мянган га талбай өртсөнөөс ноднин жилд бид 270 орчим мянган га талбайг нь ойн хөнөөлт шавжнаас салгасан. Ингэснээр нэг тэрбум орчим модыг аварч, хамгаалсан. Харин энэ онд 461 мянган га талбайг цэвэрлэнэ. Мөн Ерөнхийлөгчийн санаачилсан “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөн амжилттай хэрэгжиж байна. Бид 2021 оны 10 дугаар сараас 2023 оны 12 дугаар сар хүртэл 41.2 сая мод тарьж ургуулсан. Жилд 62 сая тарьц, суулгацтай, 12 тонн үрийн нөөцтэй болсон. Байгаль хамгааллын итгэлцлийн сан байгуулж, 71 сая ам.долларыг буцалтгүй тусламжаар төвлөрүүлсэн. Байгаль хамгаалагчдын маань дундаж цалин 1.7-2.3 сая төгрөг болж, дөрвөн ээлжийн хувцас, унаатай боллоо. Гадаадын орнуудад туршлага судалж байна. БОАЖЯ-наас нойлын асуудлыг олон жил хөндсөн. Харин анх удаа ус цаг уурын өртөө харуулынхан маань дотроо бие засах газартай болсон гээд олон ажлууд байна. Нийтдээ 11 хөв цөөрөм байгуулсан. Энэ нь эргээд тухайн газар нутгийнхаа эко системд маш чухал зүйл. Энэ жил Ганга, Эрээн, Өгий нууруудыг сэргээх ажилд есөн тэрбум төгрөг тавьсан. Намайг ажил авч байхад нэг килограмм самарнаас олдог байсан орлогын 1.7-6.7 ам.доллар байсан. Харин бид 2022 онд 12 ам.доллар болгосон. Одоо ч энэ тоо өсч байгаа. Энэ мэтчилэн манай яам байгаль орчиноо, аялал жуулчлалаа ч орхилгүйгээр олон ажлыг хийж хэрэгжүүлж байна.
“Өдрийн сонин”. Т.Дарханхөвсгөл